Ё.Ф.Ломмэн:Монголын эдийн засагт тохиргоо хийх цаг нь ирсэн
МОНГОЛЫН МЭДЭЭАзийн Хөгжийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн томилогдоод 6 сар болж байна. Түүнтэй Монгол Улсын эдийн засгийн гол үзүүлэлтүүдийн талаар ярилцлаа.
- Монгол Улс эдийн засгийн хүндхэн цаг үетэй нүүр тулж байна. Энэ хүндрэлийг даван туулах гол арга зам нь юу вэ?
-Монголын эдийн засагт тохиргоо хийх цаг нь ирсэн. Төсвийн гадуурх зарцуулалт гол хүндрэлийг бий болгож байна ."Азийн хөгжлийн төлөв 2016" тайланд энэ оны эдийн засгийн өсөлтийг 0.3, ирэх онд 1.4 хувь байна гэж тооцооллоо. Өсөлтийг хангах гол хүчин зүйл нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт болон хөдөө аж ахуйн салбар гэж үзэж байна. Энэ оны инфляци 3.2 хувь, ирэх онд 5.4 хувьд хүрэх төлөвтэй байна. Монгол Улсын хувьд бараа бүтээгдэхүүний экспорт оны эхний 7 сарын байдлаар өмнөх онтой харьцуулбал 9.6 хувиар буурсан. Импорт 17 хувиар буурч худалдааны тэнцэл илүү өндөр ашигтай, урсгал тэнцэл харьцангуй бага алдагдалтай гарах нөхцлийг бүрдүүлсэн нь төлбөрийн тэнцлийн алдагдал 46 сая ам.доллар болж буурахад нөлөөлсөн. Гэсэн ч гадаад валютын цэвэр нөөц хасах үзүүлэлт рүү орсон. 2017-2018 онд гадаад өрийн их хэмжээний эргэн төлөлт хүлээгдэж байгаа нь төлбөрийн тэнцэлд томоохон дарамт учруулж, ирэх хугацаанд урсгал дансны алдагдал өргөсөж гадаад өр төлөгдөх хэрээр энэ байдал үргэлжлэх төлөвтэй.
-Манай улсын эдийн засгийн гол тулгуур нь хөдөө аж ахуй, уул уурхай юм. Эдийн засагчдын зүгээс эдийн засгийн хүндрэлийг ойрын 4-5 жил үргэлжилнэ гэж харж байгаа. Харин та Монголын эдийн засгийн хэтийн төлвийг гэрэл гэгээтэй байна гэж хэллээ. Энэ гэрэл гэгээ хэзээ ирэх бол?
-Монгол Улс арвин их эрдэс баялаг, эрдэнэсийн нөөцтэй орон. Уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төслүүд улсын төсвийн болон төлбөрийн тэнцлийг хэдэн жилийн дотор эерэг болгоно гэж харж байна. Харин үүнийг хэрхэн зарцуулах вэ, яаж цааш нь явуулах вэ гэдгээс их зүйл хамаарна. Монголын эдийн засгийн хувьд гэрэл, гэгээ ирнэ. Гэхдээ энэ ирээдүйд бий болж, сайн, сайхан зүйл ирнэ гээд хүлээх бус богино хугацаанд эдийн засгаа хэрхэн эмхлэн цэгцлэх вэ, тогтолцоогоо зөв болгож зүгшрүүлэхэд гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингэж байж зөв явах нөхцөл бүрдэнэ. Хэрэв зөв бодлоготой явбал Монголын эдийн засаг 2020 гэхэд нэлээн сайжирна.
-Төгрөгийн ханш суларч, ам. доллар өсчихлөө. Үнэндээ манай улсын валютын нөөц дундарчихаад байна. Үүнтэй холбоотой Төвбанк бодлогын хүүгээ 4.5 пунктээр өсгөсөн. Энэ хэр оновчтой шийдвэр болсон гэж дүгнэж байна?
- Монгол Улсын гадаад валютын нөөц өнгөрсөн 6 дугаар сарын байдлаар 1.3 тэрбум ам. доллар буюу гурваас дээш сарын импорттой тэнцэх хэмжээнд хүрсэн. Төвбанк Бодлогын хүүгийн хувьд зах зээлд хөрвөх чадвартай актив хөрөнгийн хэмжээнээс хамааран үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш сулрах вий гэж үзсэний үндсэн дээр дорвитой алхам хийсэн гэж харж байна. Энэ нь богино хугацаанд авахаас өөр аргагүй арга хэмжээ төдийгүй үр дүнтэй алхам юм. Нөгөөтэйгүүр яг энэ хэмжээндээ байх юм бол эдийн засгийн өсөлтийг боймлох сөрөг талтай. Тиймээс байнгын өндөр хүүтэй байж болохгүй. Тэгэхээр эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран тохиргоо хийгээд явах нь зүйтэй. Түүнчлэн макро эдийн засгийг тогтворжуулах хөтөлбөр хэрхэн хэрэгжих вэ гэдэг тодорхой хүлээлт нийгэмд байгаа нь ажиглагдсан.
-Монгол Улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрах хүсэлт тавиад байгаа. Энэ нь монголчуудад хэр өгөөжтэй гэж та бодож байна вэ?
- Үнэндээ энэ талаар ямар үйл явцтай байгааг сайн мэдэхгүй байна. Нарийн мэдээлэл одоогоор байхгүй учраас шууд хариулахад бэрх. Гэхдээ энэ хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлснээр гадны орнуудад тодорхой мессеж өгнө. Монгол Улсыг гадныхан төсвөө эмхэлж цэгцлэх талаар нухацтай хандаж, төслийн сахилга батаа нэмэгдүүлэх нь гэж харах байх. Ингэснээр гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах талаар эерэг нөлөө үзүүлэх боломжтой.
-Эдийн засгаа солонгоруулах талаар монголчууд эртнээс ярьсан. Гэвч эдийн засгийн төрөлжилтөд нэг их ахиц гарсангүй. Эдийн засгаа солонгоруулахын тулд бид яах ёстой вэ?
- Сүүлийн жилүүдэд үйлчилгээний салбар Монголд ахицтай хөгжиж байна. Энэ салбар Дотоодын нийт бүтээгдэхүүнд тодорхой хувь нэмэр оруулж байгаа. Гэхдээ үйлчилгээ эрхэлсэн салбараас илүүтэй хөдөө аж ахуйг онцлон хөгжүүлэх ёстой. Хөдөө аж ахуйн салбарт асар их боломж бий. Ялангуяа махны чиглэлийн экспортод ахиц гарах боломжтой. Тиймээс эрүүл ахуйн стандартаа олон улсын шаардлагад хүргэвэл хөдөө аж ахуйн салбарт хөгжил ирнэ. Мөн хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрийг үнэ цэнэтэй болговол эдийн засгийн төрөлжилтөд бодит хувь нэмэр болно.
-Монгол Улсын инфляци анх удаа дифляцитай гарлаа. Энэ үзэгдэл эдийн засагт хэр нөлөөлөх вэ?
-Монголчууд огт таньж мэдэхгүй үзэгдэлтэй тулгарлаа. Хэрэглээний үнийн индекс өсч байдаг болохоос буурсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Инфляци хасах тоотой гарвал түүнийг дефляци хэмээн нэрлэдэг. Дефляци яагаад үүсэх болов гэдэгт гаргалгаа хэрэгтэй. Бидний судалснаар Монгол Улсын таван төрөлд хуваасан сагсан дахь 329 төрлийн бараа бүтээгдэхүүний инфляцийн нийлбэр нь -0.6 хувь гарсан. Махны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 5-7 хувиар буурсан юм. Махнаас бусад хүнс гэдэгт хүнсний ногооны үнэ хамгийн их нөлөөлсөн байгаа. Харин хүнсний ногооны үнэ өнгөрсөн оны мөн үеэс бараг 20 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан. Өмнөх жилүүдэд инфляци хоёр оронтой тоонд байсан. Харин энэ жилийн хувьд нам дор байсан инфляцид мах, ногоо, шатахууны үнийн бууралт нөлөөлж дефляци болсон. Энэ үед зорилтот хөтөлбөрүүдээр дамжуулан эмзэг бүлгээ хамгаалах нь чухал.
Б.Заяа