Монгол бөхийн өргөөнд энэ сарын 22-24-нд болох бөхийн барилдаанууд

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-21 15:08:55

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд маргаашаас эхлэн гурван өдөр дараалан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан болно.


Тодруулбал, маргааш Төв аймгийн Батсүмбэр сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын начин Б.Пүрэвдоржийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааныг зохион байгуулна. Уг барилдаанд түрүүлсэн бөх таван сая төгрөгийн бай гардах аж.


Харин 23-нд “Бест буйдан” компанийн 20 жилийн ойд зориулсан 30 сая төгрөгийн шагналын сантай 64 бөхийн энтертайнмент барилдаан болно. Тус барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй улсын цолтой 33, аймгийн арслан 22, аймаг, цэргийн заан гурав, аймгийн начин дөрөв, сумын заан цолтой хоёр бөх зодоглох аж. Уг барилдаанд өндөр цолтой бөх ам авахгүй, харин учраа бөхөө шууд сугалж барилдана. Өөрөөр хэлбэл, сугалаа сугалахад таарсан бөхтэйгөө барилдана гэсэн үг. Түрүү бөх 10, үзүүрлэсэн нь таван сая төгрөг гардана. Нэг давсан бөх 300 мянган төгрөгийн бай авна. Түүнчлэн уран барилдааны эзнээр гурван бөх тодруулж, тус бүр 500 мянган төгрөгөөр мялаахаас гадна гурван үзэгчийг азтанаар тодруулна.


Тэгвэл 24-нд Булган аймгийн Орхон сумын харьяат “Хөнхөр” хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болно. Энэ нь гуравдугаар сард Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах барилдааны хаалт юм. 

相关新闻