Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк Зөвлөхүүдийн хороо байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-10-03 13:11:20

БЭЭЖИН. /Kyodo/. Олон улсын зөвлөхүүдийн хороонд нэгдэхийг дэлхийн улс орнуудын төр засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсан хүмүүст болон удирдах албан тушаал хашиж байсан хүмүүст хандан БНХАУ-ын санаачлан байгуулсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/ уриалахаар төлөвлөж байна.

Ази тивийн улс орнуудад дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор АДБХОБ-ийг өнгөрсөн онд байгуулсан юм.

Тус банкны Зөвлөхүүдийн хорооны эхний уулзалтыг энэ сарын 19-нд хийхээр товложээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, шинэ хороо нь есөн гишүүнтэй байх аж. Японы Ерөнхий сайд асан Юкио Хатояма тус хороонд элсэх саналыг хүлээн авсан байна.

Мөн Пакистаны Ерөнхий сайд Шаукат Азиз болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын /OECD/ ерөнхий нарийн бичгийн дарга Анхель Гурриа /Мексикийн эдийн засагч/ нарыг зөвлөхөөр ажиллуулахаар тус банк төлөвлөж байгаа ажээ.

Түүнчлэн Швед болон Зүүн Тиморийн Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс тус хороонд ажиллаж магадгүй байна. Тэднээс гадна, Азийн Хөгжлийн банкны ерөнхий захирал асан Пол Свелц мөн тус хороонд нэгдэх байх гэж эх сурвалжууд ярилаа.

Харин АНУ болон Япон улс тус хороонд нэгдэх эсэхээ шийдээгүй байгаа юм. Гишүүн бус улсуудын мэргэжилтнүүдийг зөвлөхөөр томилон өөр байр суурь, санаа бодлыг сонсох хүсэлтэй гэдгээ тус банк харуулах сонирхолтой байна.

Г.Доржханд

 

相关新闻