“Мод үржүүлэгч” төслийн хүрээнд 50 өрхөд дэмжлэг үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-20 12:34:07

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Мод үржүүлэгч” төслийн хүрээнд хашаандаа мод тарьж ургуулж, идэвх санаачилгатай ажилласан иргэн, аж ахуйн нэгжид хүлэмж гардуулав.


Тэрбум модны амлалт аваад буй энэ үед манай улсад тохирсон модны тарьц, суулгац хангалтгүй байгаа учир иргэдийг энэ чиглэлд ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор уг төслийг эхлүүлжээ. Төслийн хүрээнд шалгарсан эхний 50 өрхөд дэмжлэг үзүүлэхээр болсон байна. Тэдэнд хашаанд нь хүлэмж барьж өгөх, хүлэмжийн аж ахуйг хэрхэн эрхлэх аргыг заах, мод үрсэлгээний үрээр хангах, хөрс сийрэгжүүлэгч усалгааны системийг хашаанд нь суурилуулж өгөх зэрэг дэмжлэг үзүүлнэ. Ингэснээр хашаандаа мод тарьж буй өрхүүдийг мод үржүүлэгч хувийн бизнес эрхлэгч болох боломжийг бий болгож байгааг албаныхан онцоллоо.


Энэ талаар БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатар “Ирэх дөрөвдүгээр сард мод арилжааны онлайн биржийг ашиглалтад оруулахаар бэлтгэж байгаа. Тус биржээр дамжуулж өрхүүд үрсэлгээгээ борлуулан орлоготой болох боломжийг нээнэ. Өмнө нь мод үржүүлгийг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүд эрхлэх ёстой гэсэн хууль, дүрэмтэй байсан. Тэгвэл өнөөдрөөс гэр хорооллын 220 мянган өрх бүгд мод үржүүлэгч болж, бизнес эрхлэх боломжтой болж байна. Төсөлд шалгараад буй эхний 50 өрх нь энэ ажлын эхлэл, загвар өрхүүд болж байгаа юм. 5х6-ийн хэмжээтэй хүлэмжид нийт 50 мянган  үрсэлгээг нэг дор үрслүүлэх боломжтой. Гэр хорооллын тоосжилтыг мод л дарна. Иймд айл, өрхүүдэд мод тарих боломжийг нээж өгснөөр тухайн өрхдөө ч эдийн засгийн хөшүүрэг болж өгнө. Олон жил ярьсан ч эдийн засгийн хөшүүрэггүйн улмаас хэрэгжихгүй байсан” хэмээн ярилаа.

相关新闻