Этиопт болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 50 гаруй хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-10-03 10:21:50

АДДИС-АБАБА. /ВВС/. Этиопийн Оромия мужид шашны наадмын үеэр болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 52 хүн амиа алдаж, олон хүн гэмтэж бэртсэн тухай тус улсын Засгийн газар мэдэгдлээ.

Нүдээр харсан гэрчүүдийн ярьснаар, цагдаа нар нулимс асгаруулагч хий цацаж, резинэн сумтай буугаар буудсаны улмаас хүмүүс үймж сандран, жагсагчдын зарим нь унаж дарагдан амиа алджээ.

Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхий сайд Хайлемариам Десалень хэлэхдээ “үймээн дэгдээгчид урьдаас төлөвлөн эмх замбараагүй байдал үүсгэснээр хүмүүс жалга руу унан амиа алдсан” гээд аюулаас хамгаалах хүчнийхэн гал нээсэн гэх мэдээллийг няцаалаа.

Тэрбээр төрийн мэдлийн телевизээр ард олонд хандан үг хэлэхдээ “аюулаас хамгаалах хүчнийхэн ард иргэдийг хамгаалах үүргээ биелүүлж байгаа” гээд, гэмт этгээдүүдэд зохих шийтгэлийг ногдуулна гэв.

Этиопийн нийслэл Аддис-Абаба хотоос 40 км зайтай орших Бишофту хотод өнгөрсөн амралтын өдөр болсон шашны наадамд хэдэн мянган хүн оролцжээ.

Уг наадмын үеэр засгийн газрыг эсэргүүцэгчид жагсаал хийж, чулуу болон шил шидсэний дараа цагдаа нар хариу арга хэмжээ авсан гэж эх сурвалжуудын нэг хэсэг нь ярьж байгаа бол нөгөө хэсэг нь “жагсагчид тайван замаар эсэргүүцлээ илэрхийлж байсан” гэж мэдээлж байна.

Этиопт сүүлийн саруудад олон хүний аминд хүрсэн мөргөлдөөн нэг бус удаа болжээ.

Үндэстний цөөнх болох оромочуудын шашны наадмын үеэр болсон эсэргүүцлийн жагсаалд оролцогчид “бидэнд эрх чөлөө хэрэгтэй байна”, “шударга ёс тогтоохыг шаардаж байна” гэж хашгирч байжээ.

Нийслэл хотын нутаг дэвсгэрийг Оромия муж руу тэлж өргөтгөх тухай төлөвлөгөө гаргасны улмаас өнгөрсөн оны 11 дүгээр сард эмх замбараагүй байдал үүсч байв. Уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг хожим нь зогсоосон боловч хүний эрх зэрэг асуудлыг хөндсөн эсэргүүцлийн жагсаал болсоор байна.

Улс төр, эдийн засгийн талаар өөрсдийг нь ялгаварлаж байна хэмээн үндэстний цөөнхүүд оршин суудаг Оромия болон Амхара мужийн ард иргэд гомдоллож байгаа юм.

Г.Доржханд

 

相关新闻