БАЯНХОНГОР: Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн 12 иргэний нэг нь 100 оноо авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. 2024 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 13-ны өдөр болж, хуваарийн дагуу дөрвөн ээлжээр зохион байгууллаа. Шалгалт өгөхөөр аймгийн хэмжээнд 116 иргэн бүртгүүлснээс 87 иргэн оролцож, 12 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн байна.
Шалгуулагчдын насны хувьд 18-25 насны 33, 26-40 насны 49, 41-55 насны таван иргэн бүртгүүлсэн бол шалгалтад оролцсон иргэдийн 71 хувь нь эмэгтэй, 29 хувь эрэгтэй байжээ.
Шалгуулагчид ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн шинжилгээний 100 асуултад хариулж 100 оноо авахаас босго оноо 60. Энэ удаагийн шалгалтад нэг иргэн бүрэн оноо буюу 100 оноо авч тэнцсэн нь Г. Жавзмаа. 2000 онд төрсөн, МУИС-д суралцаж эрх зүйч мэргэжил эзэмшсэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын харьяат.
Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 2023 оноос эхлэн Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа /улиралд нэг/ авахаар болсон. Ингэснээр төрийн албаны хүний нөөцийг бүрдүүлж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтой болж байгаа юм.
Шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс бэлтгэсэн 2024 оны “Төрийн албаны ерөнхий шалгалтын сорил, даалгавар” цахим номын агуулгын хүрээнд авч байгаа бөгөөд ил тод байдлыг хангах үүднээс бусад шалгуулагчид болон иргэдэд шалгалтын үйл явцыг дэлгэцээр ажиглах боломж бүрдүүлсэн байна. Хянах дэлгэцийг Баянхонгор аймгийн ЗДТГ-ын нэгдүгээр давхарт хүлээлгийн хэсэгт байршуулжээ.
Сонирхуулахад, 2023 онд нийт 143 иргэн төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэн, төрийн албаны нөөцөд бүртгэгдсэн байна. Баянхонгор аймгийн хэмжээнд төрийн албанд 181 байгууллагад 5000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтын 2024 оны тов