БАЯН-ӨЛГИЙ: Өлгий нисэх буудлын барилгыг өргөтгөх ажлыг 4.6 тэрбум төгрөгөөр хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-03-13 11:17:26

Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий нисэх буудлын барилгыг өргөтгөх ажил удахгүй эхэлнэ.


Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт агаарын тээврийн либералчлалыг үргэлжлүүлж өрсөлдөөн бий болгох, нислэгийн тоо, чиглэлийг нэмэгдүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулахаар тусгасан байдаг.


Мөн "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлогод "Зарим аймгийн нисэх буудлыг 4С зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор олон улсын нисэх буудалтай болгож, аялал жуулчлал, гадаад худалдааг дэмжинэ" хэмээн заасан юм.


Тус бодлогын хүрээнд 500 сая төгрөгөөр Өлгий нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж 4С ангилалтай болгох ажлын зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулсан ба барилгын өргөтгөлийн ажлыг удахгүй эхлүүлэхээр болжээ.


Өргөтгөлийн ажлын нийт төсөвт өртөг 4 тэрбум 592 төгрөг бөгөөд улсын төсвөөс тухайн онд 1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно.


Нисэх буудлын одоогийн барилга нь 1734 м.кв талбайтай. Харин өргөтгөлөөр 1,5 дахин томруулна. Нэгдүгээр давхар нь орон нутгийн, олон улсын нислэгийн танхим, гаалийн хяналтын хэсэг, ачааны өрөө, цайны газар, VIP, тусгаарлах, хүүхэдтэй эхийн өрөөтэй, ирэх зорчигчдын хөдөлгөөнийг давхцуулахгүй байхаар төлөвлөжээ. Харин хоёрдугаар давхарт ажлын өрөө, хурлын танхим, экипажийн өрөө байрлах аж.


Бүтээн байгуулалтын ажлын тендерийг Баян-Өлгий аймгийн орон нутгийн өмчийн газраас өнөөдөр зарлав. Харин ирэх сарын 2-ны өдөр тендерийг нээж, гүйцэтгэгч компанийг тодруулна.


Ташрамд, "Баян-Өлгий аймгийн хөгжлийн зураглал-2030" бодлогын баримт бичигт Өлгий нисэх буудлыг олон улсын жишигт хүргэж, 2030 он гэхэд гадаад, дотоодын 50 мянган жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлээд байгаа юм.

相关新闻