Өвөрхангайн барилгачид 400 гаруй барилга, байгууламж ашиглалтад оруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-02 07:16:23

Энэ онд Монгол улсад барилгын салбар болон зураг төслийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож байна. 

Өвөрхангайн барилгын салбарынхны ойн баярт УИХ-ын гишүүн С.Чинзориг, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, аймгийн Барилгачдын холбооны тэргүүн, Монгол Улсын гавьяат барилгачин Л.Төмөрбаатар, Аймгийн нэгдсэн бригадын дарга асан ахмад барилгачин н.Минжин, Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн барилгачдын зөвлөлийн дарга, Ханын материалын үйлдвэрийн дарга асан, ахмад инженер н.Батсуурь, Монгол улсын аварга барилгачин н.Өлзийпүрэв болон албаны бусад хүмүүс, үе үеийн барилгачдын төлөөлөл оролцож барилгын салбарын ололт, амжилт, түүхэн хөгжлийн тухай ярилцлаа.

Өвөрхангай аймгийн барилгын анхны байгууллага 1959 онд Хархорин сумын сангийн аж ахуйн төвд Эрдэнэтолгой хэмээх газарт “Барилга анги” нэртэйгээр барилга угсралтын 2 салбар, 70-аад ажиллагсад, 6 автомашин, 3 гэр, 500 мянган төгрөгийн хөрөнгөтэйгээр байгуулагдсан түүхтэй. Манай аймгийн барилгачид өнгөрсөн түүхийн хугацаанд өнөөгийн ханшаар 200 тэрбум төгрөгийн үндсэн фонд, 400 гаруй барилга байгууламж ашиглалтад оруулж, аймгаа барилгажуулах их үйлсийг түүчээлжээ.

Өвөрхангай аймагт өнөөдрийн байдлаар 48 аж ахуйн нэгж барилгын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаагаас барилга угсралт, засал чимэглэлийн чиглэлээр 40, зураг төслийн чиглэлээр 2, барилгын материал үйлдвэрлэийн чиглэлээр 5, геодезийн чиглэлээр 1 аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Барилгын салбарын хөдөлмөрийн зах зээлийн сүүлийн жилүүдийн судалгаагаар хөрөнгө оруулалтын хэмжээ өссөнөөр гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил дунджаар 30 гаруй хувиар, барилгын салбарт ажиллагсдын тоо жилд дунджаар 15-20 хувиар өсчээ. 2016 оны байдлаар аймгийн барилгын салбарт нийт 300 орчим хүн ажиллаж байна гэсэн судалгаа байна.

Өвөрхангай Б.Батчимэг

相关新闻