БАЯН-ӨЛГИЙ: Албан байгууллагуудад малчдад туслах уриалга хүргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият тус аймгийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарт малчдад туслах уриалга хүргүүллээ.
Тус албан бичигт, "Аймаг орон нутгийнхаа эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүссэн эрсдэл, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах, нүүдэлчин өв соёлоо тээн хадгалж яваа нутгийнхаа малчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, Улаан загалмай хороо хамтран "Малчдад туслах халуун сэтгэлийн аян"-ыг санаачлан өрнүүлж байна.
Аймгийнхаа сайхан сэтгэлт иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудад хандан хандив, тусламж үзүүлэхийг уриалж байна. Аяны хүрээнд ирсэн хандивыг цаг тухайд нь олон нийтэд нээлттэй, ил тод танилцуулан, цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн, малгүй болсон, нэн хүнд нөхцөлд байгаа малчдад хамтын шийдвэрээр хүргэх болно" хэмээжээ.
Зудын эрсдэлийн үнэлгээгээр Булган, Алтай, Дэлүүн, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл суманд хаваржилт хүнд байгаа. Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 30 мянга орчим толгой мал хорогдсон. Үүнээс Булган суманд хамгийн их буюу 6038 толгой, Дэлүүнд 5177, Улаанхус суманд 3665, Бугатад 3162, Цэнгэлд 3060 толгой мал хорогдоод байна.