ХААИС-ийн оюутнуудад 10 мянган ам.долларын тэтгэлэг олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
gantuya@montsame.mn
2016-09-30 16:59:08

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрэмжит 10 мянган ам.долларын тэтгэлгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хай Мин ХААИС-ийн захирал, доктор,профессор Т.Хэрүүгад өнөөдөр гардууллаа.

Тус үйл ажиллагаанд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хай Мин, ХААИС-ийн захирал, доктор,профессор Т.Хэрүүга, БНХАУ-ын ЭСЯ-ны зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын соёлын төвийн дарга  Ли Вэй, тус сургуулийн Эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, доктор, профессор Г.Гантулга, Сургалт эрхэлсэн дэд захирал, доктор Б.Буянзаяа нар мөн бусад албаны хүмүүс оролцлоо. 

Үйл ажиллагааны үеэр Элчин сайд Шин Хай Мин “Хятад-Монгол Улсын хамтын ажиллагаа, хэтийн төлөв” сэдвээр ХААИС-ийн оюутан, багш нарт илтгэл тавьсан юм. Тэрээр уг илтгэлдээ “Манай хоёр улсын харилцаа энэ жил хамгийн таатай үедээ ороод байна. 2014 онд БНХАУ-ын дарга Си Зиньпин айлчилсан. Мөн өнгөрөгч долоон сард манай улсын ерөнхий сайд Ли Кө Чян айлчилж, АСЕМ-ын уулзалтанд оролцсон. Уг айлчлалын хүрээнд ХАА-н салбарыг дэмжиж ажиллахаар болсон. Тиймээс энэхүү тэтгэлгийг гардуулж байгаа юм. БНХАУ-д Монгол Улсаас 10 мянга гаруй оюутан суралцаж байна. Эдгээр оюутны 7000 гаруй нь БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Манай улсын ЭСЯ-наас олгож байгаа энэхүү тэтгэлгийн мөнгөн дүнг цаашид нэмэхээр төлөвлөж байна” гэлээ.

Уг тэтгэлгийг жил болгон олгох бөгөөд хэрхэн захиран зарцуулахыг ХААИС-ийн удирдлагууд шийдэх юм. Тэтгэлгийг хэнд, хэрхэн олгох талаар ХААИС-ын захирал, доктор, профессор Т.Хэрүүга “Манай сургуульд энэ жил 81 гадаад оюутан суралцаж байна. Эдгээрийн 45 нь БНХАУ-аас суралцаж байгаа. Мөн ийм тооны оюутан манай сургуулиас БНХАУ-д солилцоогоор суралцаж байна. Азийн хөгжлийн банкнаас их, дээд сургуудлийн оюутнуудын дунд “Бүтээлч оюутан” гэсэн судалгааны төсөл шалгаруулах уралдаан болсон. Энэ уралдаанаас манай сургуулийн 11 оюутан тус бүр гурван сая төгрөгний тэтгэлэг авсан. Өнөөдрийн олгосон энэхүү тэтгэлгийг сургуулийнхаа эрдэм шинжилгээний ажил хийж буй оюутнуудынхаа судалгааны ажилд зарцуулахаар төлөвлөөд байна” гэв.

Н.Туяа

 

 

相关新闻