Хятадад зургаан өрхийн 19 хүнийг хөнөөсөн этгээдийг баривчилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /NHK/. Хятадын баруун өмнөд нутгийн нэгэн тосгонд 19 хүнийг хөнөөсөн хэрэгт нэгэн этгээдийг сэжигтнээр татан баривчилжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, өчигдөр өглөө Юньнань мужийн нэгэн тосгонд зургаан өрхийн 19 хүн, тэдний дотор дөрвөн хүүхдийн цогцос олдсон байна. Хохирогчид нь 3-78 настай хүмүүс байжээ.
Цогцсууд олдсон тосгоноос 200 орчим км зайтай орших Юньнань мужийн төв Куньмин хотод байсан сэжигтэн залууг цагдаа нар баривчилсан байна.
Сэжигтэн нь 1989 онд төрсөн, тус тосгоны оршин суугч хан үндэстэн аж.
Энэ аллага терроризмтой холбоогүй гэж цагдаа нар үзэж байна. Сэжигтэн этгээд мөрийтэй тоглоомонд донтсоны улмаас их хэмжээний өрөнд оржээ. Ингээд тэрбээр хамаатнуудаасаа мөнгө зээлэхийг хүссэн боловч өгөөгүй учир энэ хэргийг үйлдсэн бололтой.
Г.Доржханд