БАЯН-ӨЛГИЙ: Булган сум зудын маш их эрсдэлтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулсан ажлын баг хаваржилтын нөхцөл байдалтай танилцахаар Баян-Өлгий аймагт ажиллаж байна.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өнөөдөр аймгийн ЗДТГ-ын хурлын зааланд Онцгой комиссын хуралдаанд оролцов. Хуралдааны үеэр аймгийн Засаг дарга А.Камелият өвөлжилтийн байдлын талаар товч танилцууллаа.
Тэрбээр "Тус аймгийн 446 өрхийн 53273 толгой мал Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан сумын нутагт, 15924 толгой мал аймгийн тусгай хэрэгцээт отрын бүсэд, 18096 толгой мал хилийн зурвас газарт, 38571 толгой мал улсын тусгай хамгаалалтад отроор өвөлжиж, хаваржиж байгаа.
Монгол Улсын Шадар сайдын 2021 оны 68 дугаар тушаалаар баталсан "Ган, зудын эрсдэлийн үнэлгээ хийх заавар"-ын дагуу 2024 оны 2 дугаар сарын 22-ны өдөр хийсэн үнэлгээгээр Булган сум зудын маш их эрсдэлтэй, Алтай, Дэлүүн, Сагсай, Толбо, Улаанхус, Цэнгэл сум их эрсдэлтэй, Бугат, Буянт, Ногооннуур сум болон Цагааннуур тосгон дунд эрсдэлтэй, Алтанцөгц, Баяннуур сум эрсдэлтэй гэж гарсан.
Булган, Алтай, Дэлүүн, Улаанхус, Цэнгэл, Сагсай, Толбо зэрэг 7 сум "цагаан зуд"-ын, Бугат, Ногооннуур, Буянт сумууд "цагаанаар зудархуу" байдалтай байна. Нийтдээ 12 сум, 1 тосгоны 53 багийн 3650 өрхийн өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндэрсэн. Одоогоор аймгийн хэмжээнд 13608 толгой мал хорогдсон бөгөөд Булган, Бугат, Цэнгэл, Улаанхус, Дэлүүн суманд хорогдол хамгийн их байна" гэв.
Мөн үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан дараах асуудлуудыг шийдвэрлэж өгөхийг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатараас хүсэв.
Үүнд:
-Тус
аймгийн 9 сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн үйлчилгээний машины
эдэлгээний хугацаа дуусаж ашиглах боломжгүй болсон. Үүнээс нэн тэргүүнд Алтанцөгц, Баяннуур, Толбо, Улаанхус, Сагсай,
Цэнгэл суманд түргэн тусламжийн машин, Зоонозын өвчин судлалын төвд шуурхай
албаны машин шийдвэрлэж өгөх;
-Малын
сэг зэмийг устгах, малчдын хашаа хороо, гудамж талбайд ариутгал халдваргүйтгэл
хийх тусгай зориулалтын автомашины хангалт авах;
-Аймгийн
Онцгой байдлын газарт туулах чадвар сайтай том оврын автомашин шийдвэрлэж
өгөх;
-Хаваржилтын
нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан ОХУ-аас өвс импортлох зөвшөөрөл
өгөх;
-Зудад
өртөж малгүй болсон малчдыг малжуулах төсөлд хамруулах санал тавилаа.
Түүнээс гадна аймгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих үүднээс Цагааннуур авто замын боомтын хүчин чадлыг сайжруулах, Даянгийн боомтыг байнгын ажиллагаатай болгож, Цагааннуур боомттой авто замаар холбох асуудлыг төр-хувийн хэвшлийн түншлэлээр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Өлгий хотыг Увс аймгийн Улаангом хоттой авто замаар холбох ажлын зураг төсөв хийх санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Монгол Улсын Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Баян-Өлгий аймаг хаваржилттай холбоотой үүсээд буй асуудлуудыг орон нутагт өөрсдөө шийдээд явах боломжтойг онцолж, аймгийн Онцгой комиссоос тавьсан саналуудад хариулт өглөө.
Үүнд:
-Сумдын
Эрүүл мэндийн байгууллагуудыг түргэн тусламжийн машинаар хангах асуудлыг
Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын нөөц хөрөнгөөр, тодорхой
хэсгийг нь 2025 оны төсөвт тусгаж шийдвэрлэх;
-Малын
сэг зэм устгах ариутгалын машинаар, аймгийн Онцгой байдлын газарт туулах чадвар
сайтай том оврын автомашинаар хангах асуудлыг Улаанбаатар хотод очоод
шийдвэрлэх;
-ОХУ-аас
өвс оруулах асуудалд Монгол Улсын талаас саад хийхгүй ба ОХУ-ын байр суурийг
сонсох;
-Цагааннуур
боомтын хүчин чадлыг Булган, Хавирга боомттой хамт Азийн хөгжлийн банкны 100
сая долларын санхүүжилтээр шийдвэрлэнэ;
-Өлгий-Цагааннуур-Бөхмөрөн-Улаангом
чиглэлийн хатуу хучилттай авто замын зураг төсвийг хийх санхүүжилтийг Эдийн
засгийн хөгжлийн сайдын багцад тусгаж шийдвэрлэнэ;
-Даян боомтыг
байнгын ажиллагаатай болгох асуудлыг БНХАУ-д тавиад явж байгаа;
-Даян боомтыг
Цагааннуур боомттой холбох асуудлыг Эдийн засгийн хөгжлийн яам дэмжиж байгаа ба
концессын гэрээгээр барихаар холбогдох бичиг цаасны ажлыг хийж байгаа хэмээн
хариуллаа.