ДУНДГОВЬ: Хог хаягдлын менежментийг сайжруулах үйл ажиллагаанд нийцлийн аудит хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-23 15:34:00
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. 2023 онд Дундговь аймаг дахь Төрийн аудитын газраас “Хог хаягдлын менежментийг сайжруулах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүн”-д нийцлийн аудит хийжээ.


Тус аймгийн 15 сум бүр төвлөрсөн хогийн цэгтэй, хогийн цэг нь 138,3 га талбайг хамардаг ба түүнээс 28,7 га талбайг хашаажуулсан, 10 сумын 109,6 га талбайг хашаажуулаагүй байна. Хашаажуулаагүй нийт талбайн 61,4 га талбайд хур хогтой ба түүний 35 га талбай нь зөвхөн Сайнцагаан суманд хамаарч, хог хаягдлын хэмжээ тогтмол нэмэгддэг ажээ.


Сайнцагаан сумын Хот тохижуулах газрын мэдээгээр тус сумын хэмжээнд гэр хорооллын 2749 айл өрхийн хог хаягдлыг жилдээ 10 автомашинаар 9883 удаа ачиж тээвэрлэсэн байна.


Аудитын гаргасан дүгнэлтээр сард гэр хорооллын нэг айл өрхөөс 3000 төгрөгийн хог хаягдлын үйлчилгээний хураамж авч байгаа нь нэг айл өрхийн хог хаягдлыг зайлуулахад гарах бодит зардлаас 7,7 дахин бага байгааг онцолжээ.


Хот тохижуулах газрын албан хаагчдын дундаж цалин аудит хийх үед 798 000 төгрөг байсныг тус аймгаг дахь хувийн хэвшлийн ААН, байгууллагуудын албан хаагчдын дундаж цалинтай харьцуулахад 1,6 дахин доогуур байгаа ба хог хаягдлын тээвэрлэлтэд явж буй нэг автомашины ачааллыг бусад аймгийнхтай харьцуулахад өндөр байгааг аудитын явцад мөн тодорхойлсон байна.


Тодруулбал, хог хаягдлын тээвэрлэлтийн нэг жолооч жилд 9.602 тонн хог хаягдлыг тээвэрлэж байгаа бол энэ тоо Даланзадгад хотод 2.933 буюу 3,3 дахин, Чойр хотод 3.873 буюу 2,5 дахин, Сайншанд хотод 3.974 буюу 2,4 дахин бага байгаа ажээ.


Харин нэг хог ачигч Мандалговь хотод жилдээ 5.401 тонн хог хаягдал ачиж байгаа бол Даланзадгад хотод 1.634 буюу 3,3 дахин, Чойр хот од 2.767 буюу 2 дахин бага байна. Нийцлийн аудитын үр дүнгээс харахад Дундговь аймгийн хэмжээнд хог хаягдлыг ангилах орчин бүрдүүлж, хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулахад анхаарч, хог хаягдлын менежментийг сайжруулах хэрэгцээтэй байгаа нь харагдаж байна.


Дундговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2023 оны тайланд тусгаснаар тус аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар нийт хог хаягдлын 85,696.6 тн буюу 35 хувийг дахин ашиглах боломжтой байсан бол дөнгөж 143.1 тн буюу 0,17 хувийг л эдийн засгийн эргэлтэд оруулж, үйлдвэрт тушааж, бусад нь хаягдсан байна. 

相关新闻