ЗАВХАН: Завхан голын усны түвшин 5.6 см-ээр багасжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-20 17:23:58

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан голын усны түвшин 2018 онд 414.8 см байсан бол 409.2 см болж 5.6 см-ээр багасжээ.


2018 оны зуны улиралд усны түвшин нь хамгийн их буюу 441 см, хамгийн бага түвшин нь 409 см байжээ. Харин 2022 оны зун хамгийн их түвшин нь 417 см, хамгийн бага түвшин нь 402 см болж тэмдэглэгдсэн тухай Завхан аймгийн Ус цаг уур орчин шинжилгээний газрын судалгаанд өгүүлжээ.


Завхан гол нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн хоёр талаас эх авах гол горхиор усжина. Отгонтэнгэрийн өмнө хажуугаас эх авдаг Буянт, Шар-Ус хоёр гол нийлэн Завхан гол болдог байна.


Буянт ба Шар-Ус голын хөндийд мөсдөлийн мөрний хурдас нь тогтсон хэдэн арван нуур байх (хамгийн том нь Хөх нуур) ба өөр хоорондоо гол горхиор холбогдсон эдгээр нуурууд нь илүүдэл усаа Завхан голд цутгана.


Завхан гол нь Хангайн нуруунаас салаад өмнө зүгийг орхиж баруун хойш Их нууруудын хотгорыг чиглэн урсана. Завхан голын нийт урт 800 гаруй км юм.


Тайшир сум хүртэл эхний хэсэгт голдирлын өргөн 30-60 м, усны гүн 0.6-25 м, урсгалын хурд 1-1.5 м/сек байна. Тайшираас доош хэсэг газар голдирол нь 3-8 хүртэл салаалах тул үндсэн голдирлыг ялгахад бэрх.


Завхан голын баруун гараас түүний хамгийн том цутгал Шурагийн гол нийлнэ. Богд голын цутгалаас доош голдирол 100-350 м хүртэл өргөсөн задгайрч, усны гүн 0,7-1,5 м, урсгалын хурд 0.7-1,2 м/сек байна.


Завхан аймгийн тухайд, нийт нутаг дэвсгэрийн 0,98 хувь буюу 81045 га талбайг усны сан бүхий газар эзэлж байна. Үүнээс 63.4 хувь буюу 51045 га талбайг гол, 36.6 хувь буюу 29491 га талбайг нуур цөөрөм, тойром эзэлдэг.


Гол мөрний эзлэх талбайд өөрчлөлт ороогүй ба нуур, тойрмын эзлэх талбай нь сүүлийн таван жилийн дотор 509 га-гаар буюу 0,63 хувиар багассан байна.


Тиймээс усны нөөцийг хамгаалах бодлого боловсруулж, олон нийтэд ус ашиглалтын талаарх тогтвортой сурталчилгаа мэдээлэл хийх нь чухал байгааг Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв. 

相关新闻