БАЯНХОНГОР: Ажлын хувцасны үйлдвэр удахгүй үйл ажиллагаагаа эхлүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймагт ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор Ажлын хувцасны үйлдвэр байгуулахаар болсон. Тус үйлдвэрт ажиллах хүсэлтэй иргэдийг бэлтгэх, ур чадвар олгох богино хугацааны сургалтын хоёрдугаар ээлж өнөөдөр эхэллээ.
Тодруулбал, оёдолчид нэгдэж "Номгон хонгор мандал" ХХК байгуулж, туршлага судлан, ажлын хувцас оёх сургалтад хамрагдаж байна. Аймгийн "Ажилсаг" төвд үйл ажиллагаа явуулах тус үйлдвэрийн тоног төхөөрөмжийг суурилуулж байгаа аж.
Ажлын хувцасны үйлдвэр энэ оны хоёрдугаар улирлаас ажиллаж эхлэх бөгөөд үйлдвэрийн хувцсыг Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулах уул уурхайн компанид нийлүүлэх юм байна.