Хэнтий аймагт сонсгол бууралттай 270 гаруй иргэд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-29 16:05:10

Хэнтий аймагт сонсгол бууралттай 270 гаруй иргэд байдаг бөгөөд тэдгээрээс төрөлхийн хэлгүй, дүлий 50 гаруй иргэд байдаг гэж аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Нүд, Чих хамар хоолойн тасгийн эрхлэгч Д.Отгонтуяа хэллээ.

Монголын сонсголгүй иргэд, тэдгээрийн төлөөллийн байгууллагууд “Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног”-ийг 2009 оноос хойш тэмдэглэн уламжлал болгожээ. Энэ жил уг өдрийг аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хувьд “Монгол дохионы хэл бол сонсголгүй иргэдийн хуулиар баталгаажсан эх хэл мөн” хэмээх уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр төлөвлөжээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн Чих хамар хойлойн тасагт жилдээ 350 орчим хүн хэвтэн эмчлүүлж эмчийн хяналтанд тогтмол байдаг аж.

Сонсголгүй иргэдийн Дэлхийн холбооны анхны конгресс 1951 оны 9-р сард Италийн Ром хотноо чуулсан байна. Энэ үеийг дурсан жил бүрийн 9-р сарын сүүлийн долоо хоногийг Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон 1958 оноос эхлэн тэмдэглэдэг болсон түүхтэй. 2015 оны Үндэсний Статистикийн судалгаагаар Монгол Улсад нийт 101.200 гаруй Хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэсэн судалгаа гарчээ. Үүнээс улсын хэмжээнд нийт 8406 сонсголгүй иргэн байгаагаас 0-17 насны 791 хүүхэд байна.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

 

 

相关新闻