ЗАВХАН: Морьт эргүүлээр 42 албан хаагч ажиллажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-14 16:46:42

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Тус аймагт сар шинийн баярын өдрүүдээр морьт эргүүл ажиллуулсан байна.


Сар шинийн баярын өдрүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, учирч болзошгүй эрсдэлээс иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор аймгийн төв болон 24 суманд морьт эргүүл ажилласан.


Морьт эргүүл нь аймгийн хэмжээнд нийт 42 албан хаагч өдөр бүр 21 чиглэлд ажилласан байна. Баярын өдрүүдээр гэмт хэргийн шинжтэй зөрчлийн дуудлага мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулахад нэг нэгжээр нэмэгдсэн байна.


Цагдаагийн газраас иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд илүү анхаарч ажилласан. Орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нарт нийт 168 удаагийн анхааруулга, сануулга, зөвлөх үйлчилгээг үзүүллээ.


Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэдийг гэрт нь хүргэж өгөх үйлчилгээг үзүүлж иргэдийг торгохгүй, удаан хугацаанд саатуулахгүй, хүндрэл чирэгдэл учруулахгүй байхаар ажилласан гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв. 

相关新闻