ЗАВХАН: 23 сумын орон нутаг судлах танхимын 4661 үзмэрийг тооллогод хамруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Завхан
аймагт түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 42.62 хувьтай үргэлжилж байна.
Засгийн газрын 2018 оны 184 дүгээр тогтоолын гуравдугаар хавсралтаар баталсан "Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийх журам", Соёлын сайдын 2023 оны А/317 дугаар тушаал, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны А/253 тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор улсын тооллого хийж байна.
Завхан аймгийн Засаг даргын захирамжаар байгуулсан түүх соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогын салбар комисс 10 дугаар сарын 8-наас сумдад ажиллаж, 23 сумын орон нутаг судлах танхимын үзмэрийг тоолж дууссан байна. Аймгийн хэмжээнд түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогод 4756 дэсийн 15604 үзмэр хамрагдана.
Үүнээс 23 сумын орон нутаг судлах танхимын 2027 дэсийн 4661 үзмэрийг тооллогод хамруулсан байна.
Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллогыг зохион байгуулснаар нэн яаралтай сэргээн засварлах шаардлагатай хөдлөх дурсгалын жагсаалтыг гаргаж байна. Мөн сумдад байгаа тухайн дурсгалт зүйлийн шинж чанар, бүрэн бүтэн байдалд хяналт тавих, эерэг болон сөрөг нөлөөлж буй хүчин зүйлүүдийг тодорхойлж байна.
Түүнчлэн түүх соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн бүрэн бүтэн байдал, хадгалалтад зөвлөн тусалж байна. Улсын тооллого бүрэн дуусаагүй, аймгийн музейн сан хөмрөг, танхимуудад байгаа үзмэрүүдийг улсын тооллогод хамруулж байгаа талаар Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газрын соёлын өвийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэрэндулам ярилаа.

Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн тооллого хийж байна
Ulaanbaatar