Гал зогсоох тухай Оросын саналыг АНУ хүлээж аваагүй гэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-02-14 10:56:14

МОСКВА, 2024 оны хоёрдугаар сарын 14 /kommersant/. Зуучлагчидтай уулзсаны дараа АНУ-ын эрх баригчид Украины нутаг дэвсгэрт гал зогсоох тухай ОХУ-ын саналыг хүлээж аваагүй гэж Ройтерс агентлаг хэлэлцээний явцын талаар мэдээлэлтэй Оросын гурван эх сурвалжийг эш татан мэдээлжээ.


Харин АНУ дахь тус агентлагийн эх сурвалж хэлэхдээ, Москва, Вашингтоны хооронд албан ёсоор холбоо тогтоогоогүй гээд Украины эрх ашигт халдаж байгаа тул ОХУ-тай хэлэлцээ хийхэд АНУ оролцохгүй гэж мэдэгджээ. Оросын эрх баригчид энэ мэдээлэлд тайлбар өгөөгүй байна.


2023 онд Владимир Путин Ойрхи Дорнод дахь зуучлагчдаар дамжуулан Украинд гал зогсоох боломжийг хэлэлцэхэд бэлэн гэдгээ АНУ-д ойлгуулсан гэж Оросын эх сурвалжууд мэдээлжээ. Ингэхдээ мөргөлдөөнийг зогсоохын тулд одоогийн зааглах шугамыг хүлээн зөвшөөрөхийг Оросын Ерөнхийлөгч санал болгосны сацуу хяналтдаа аваад байгаа нутаг дэвсгэрүүдийн аль нэгийг өгөхийг хүсэхгүй байгаа аж. “Америкчуудтай тогтоосон холбоо ямар ч үр дүнд хүрээгүй” гэж 2023 оны сүүлч, 2024 оны эхээр хийсэн хэлэлцээний явцын талаар мэдээлэлтэй Оросын өндөр албан тушаалтан мэдээлсэн байна. Мөн Оросын өөр нэг эх сурвалж хэлэхдээ, Украинд шахалт үзүүлэхийг АНУ хүсээгүй тул америкчуудтай тогтоосон бүх холбоо харилцаа бүтэлгүйтсэн гэж мэдэгдсэн бол АНУ-ын албаны хүн хэлэхдээ "гал зогсоох хэлэлцээнд Оросын засгийн газрын гишүүн бус албан тушаалтнууд оролцож байгаа бололтой, энэ хэлэлцээнд АНУ оролцоогүй" гэсэн байна. 


Зуучлагчид 2023 оны сүүлчээр Туркт уулзсан гэдгийг Оросын гурван эх сурвалж гурвуулаа баталжээ.  

相关新闻