ЗАВХАН: Тахь гайхалтай үнэрч амьтан тул танихгүй хүнийг андахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-06 18:47:39

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дөрвөлжин сумын нутаг, Хомын талын тахийн сүрэг 150 орчим болжээ. Уугуул нутагтаа тааваар идээшин буй Хомын талын эзэн, тахийн талаарх сонирхолтой мэдээллүүдийг Хомын талын тахь төрийн бус байгууллагаас хуваалцаж байна.


"Хомын талын тахь" ТББ нь 2014 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш өдгөө тахийн сүргийг эх нутагтаа идээшин дасах судалгаа, боломжийг бий болгож, нутгийн уугуул иргэдтэй хамтран хамгаалах ажлыг хийж байна.


Тахь гайхалтай үнэрч амьтан тул танихгүй хүнийг андахгүй, "Ямар нөхөр хүрээд ирэв"

гэсэн шиг анхааралтай ажигладаг. 

Тахийн унага юу хийж өнждөг вэ?

-Тэд өвсөө идээд, эхийгээ хөхөөд, залхуу нь хүрвэл унтаад, сүрэгтээ үеийн найзтай бол хааяа сайхан ноцолдож тоглоод л өнждөг.

Тахийн азарганууд нэхэл хатуутай "Тулаанчид" гэж та сонсож байсан уу?

Тахийн нэг сүрэгт 3-10 гүү байх бөгөөд хөгшин азарга, залуу үрээнүүдийн дунд үе үе сүрэг буюу гүүгээ булаацалдах маш ширүүн тэмцэл өрнөнө.

Ялсан нь тэр сүргийн эзэн болж, харин ялагдсан нь өөртөө үнэнч 1-2 гүүгээ дагуулан холдож одно.

Мөн сүргийн эзэн байсан тэрхүү азарга өөрийн хураасан гүүнүүддээ л үнэнч байдаг учир залуу азарганд сүргээ алдсан ч өөрийг хайлгүйгээр тэднийгээ эргүүлж авахаар тэмцэлдсэн хэвээр л байдаг.

Сүрэг булаалдах тулаанд аль аль азарга нь чих, сүүлээ тасдуулж, духны арьсаа хуулуулж, хөлөө хугалуулсан ч бууж өгнө гэж үгүй. Нэг, хоёр сарын дараа эсвэл бүр хойтон жил нь буцаад нөгөө сүрэг дээрээ очно.

Тахийн энэхүү сонирхолтой амьдралын тухай өгүүлсэн "Мөр" зэрлэг амьтдыг хамгаалах төслийн богино хэмжээний бүтээл байдаг аж.  

Тахь адуу дэлхийд танигдсан талаар түүхийн хуудаснаас

Монгол оронд зэрлэг адуу байж болзошгүй гэх шинжлэх ухаанд маш үнэтэй олдвор авчирсан анхны хүн бол Польш гаралтай Оросын армийн хошууч генерал Николай Михайлович Пржевальский юм.

Тэрээр Монгол орноор гурван удаа хөндлөн гулд аялсан бөгөөд 1878 онд хоёр дахь аяллаасаа нутаг буцах замдаа тухайн үеийн Орос-Хятадын хилийн харуулын захирагч А.К.Тихоновоос киргиз анчид Монголын Зүүнгарын говиос агнасан гэх нэгэн зүйл адууны арьс, толгойн ясыг бэлгэнд авч, Монголд зэрлэг адуу байдаг талаар сонирхолтой яриа сонсжээ.

Өөрөө шинжлэх ухааны хүн биш тул энэ талаар ихэд сонирхон яг ямар амьтан болохыг нь мэдэхээр бэлгэнд авсан арьс, гавлын ясыг Петербургийн байгалийн түүхийн музейн судлаач И.С.Поляковт өгчээ.


Гэрэл зургуудыг: Хомын талын тахь ТББ-ын архиваас


Поляков тухайн үед мэдэгдээд байсан адууны овгийн 22 зүйлтэй харьцуулан судлаад, энэ адууны арьс, гавлын яс алинтай нь ч адилгүй, адууны цоо шинэ зүйл болохыг бичиглэж, анх авчирсан хүнийх нь нэрээр “Пржевальскийн адуу” гэж 1881 онд шинжлэх ухаанд бүртгэсэн байна.

相关新闻