ХӨВСГӨЛ: Улсын аварга малчин Л.Зоригт жилд 10 сая төгрөгийг сайн үйлсэд зориулдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн малчин Л.Зоригт мал аж ахуйн салбарт 35 жил ажиллаж байна. Тэрээр сүүлийн гурван жил 3 өрхийг 200 толгой малаар малжуулжээ.
Жилд 40-50 сая төгрөгийн өрхийн орлого олж, 10 сая төгрөгийг нь сайн үйлсийн аянд зарцуулдаг төдийгүй баг, сум орон нутгийн олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог үлгэр жишээ малчин гэдгийг Тариалан сумын Засаг дарга Х.Эгиймаа онцолж байв.
Өнөөдөр малчин Л.Зоригт, түүний гэргий
О.Оюунжаргал нарт Улсын аварга малчин цол тэмдгийг УИХ-ын гишүүн, Барилга хот
байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав,
Тариалан сумын Засаг дарга Х.Эгиймаа нар гардуулан өглөө.
Л.Зоригт нь 2007 онд “Сумын сайн
малчин”, 2008 онд мянгат малчин, 2015 онд аймгийн сайн малчин, 2021 онд аймгийн
хошой аварга” малчин болж байв.