ДУНДГОВЬ: Удам дамжсан малын эмч нар оюуны бүтээлээ аймгийн музейд хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-02 17:55:32
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар 2 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн музейн бүртгэл мэдээллийн санд Монгол Улсын малын гавьяат эмч Ланганы Хүүхэнмөнх, түүний охин Мал эмнэлгийн ухааны доктор П.Мягмарсүрэн нар өөрсдийн оюуны бүтээл, түүх, намтар, зураг, эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг хүлээлгэн өгчээ.


Л.Хүүхэнмөнх Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат, Дундговь аймгийн Мал эмнэлгийн бактери шинжилгээний лабораторид паразитологич их эмч, Сайнцагаан суманд Мал эмнэлгийн оношилгоо, ариун цэвэр, бүтээгдэхүүний чанарын лабораторид шинжлэгч их эмчээр ажиллаж байсан.


Тэрээр 1994 оны 7 дугаар сараас Монгол Улсын анхны хувийн “Ирээдүй” мал эмнэлгийг байгуулан ажиллаж байгаа юм. Тэрээр паразитологич их эмчээр ажиллах хугацаандаа 14 250 дээжид, 1991-2016 онд 11 532 дээжид паразит судлалын шинжилгээ хийснээр орон нутгийн мал сүрэгт шимэгчилдэг хорхойн төрөл зүйлийг тодорхойлон “Дундговь аймгийн паразитфаун”-ыг тогтоожээ.


Энэ шинжилгээ, судалгааны ажлын үр дүнд Монгол Улсын мал амьтанд оношлоогүй байсан 2 зүйл, аймагтаа оношлогдоогүй 13 зүйл шимэгчийг илрүүлэн, түүнтэй тэмцэх арга хэмжээг боловсруулсан нь Мал эмнэлгийн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр болсон аж.  



Л.Хүүхэнмөнх 4 удаагийн оновчтой санал гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн ба аймгийн мал эмнэлгийн бактери шинжилгээний лабораторийн паразитологи, серологийн тасаг, 5 сумын оношлох кабинет, Сайнцагаан сумын ОАЦБЧ лаборатори, “Ирээдүй” мал эмнэлгийг тохижуулсан зэрэг бүтээлч ажил гүйцэтгэжээ.


Тэрээр мэргэжлийнхээ хүрээнд тулгамдаж байгаа асуудлаар судалгаа хийж, үйлдвэрлэлтэй холбон ажилладаг, санаачилж хийсэн ажлаараа тодорхой үр дүнд хүрдэг өвөрмөц арга барилтай эмч хэмээн үнэлэгддэг бөгөөд шинэ оны босгон дээр Монгол Улсын малын гавьяат эмч цол хүртсэн юм.



Түүний охин П.Мягмарсүрэн “Адууны бабезиозыг эмчлэх эм болгож, туршсан дүн” сэдвээр 2013 онд Мал эмнэлгийн ухааны докторын зэрэг хамгаалжээ.









相关新闻