БАЯНХОНГОР: УАШТ-д гурав дахь жилдээ оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монголын Байт харвааны өсвөр үе, залуучуудын 16 дахь удаагийн 2024 оны заалны Улсын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатар хотод болж, Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын байт харвааны клубийн Б.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай өсвөрийн долоон харваач оролцлоо.
Орон нутгаас Дархан, Эрдэнэт, Ховд, Баянхонгор аймаг оролцсоноос Баянхонгор аймаг сүүлийн гурван жил дараалан оролцож байгаа юм. Орон нутагт шинэ тутам хөгжиж байгаа тус спортын төрөлд Баянхонгор аймгийн тамирчин хүүхдүүд шигшээ 8, 16-аар тэмцээнээ өндөрлүүлсэн хэдий ч техник ур чадвараар ижил түвшинд өрсөлджээ.
Аймгийн байт харвааны холбооны тэргүүнээр аймгийн ЗДТГ-ын дарга Д.Энхжаргал ажиллаж, тамирчдаа улс бүсийн тэмцээн уралдаанд дэмжин оролцуулж байгаа аж.
Энэ удаагийн тэмцээнд 17 байгууллага клубийн 352 тамирчин оролцсон нь урд жилүүдээс хамгийн олон тамирчин оролцсон үзүүлэлт ажээ.