БАЯН-ӨЛГИЙ: Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд 1.8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд тус улсын Сэргээн босголт зээлийн банк (KfW)-аар дамжуулан "Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь" төслийг 2015 оноос хэрэгжүүлж байна.
Төслийг Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгуудыг тулгуурлан буцалтгүй тусламж хэлбэрээр хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих, өргөжүүлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхийг зорьж байгаа юм.
Төслийн I шатыг 2015 онд эхэлж Монгол орны төвийн болон зүүн бүсэд 2022 оныг дуустал хэрэгжүүлсэн. Харин төслийн II, III шатыг 2020 оноос эхлэн 2027 он хүртэл Монгол орны баруун болон говийн бүсэд хэрэгжүүлж байна.
Төслийн хөрөнгө оруулалт, үр ашгийг Баян-Өлгий аймагт Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ойн анги, Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаа, Хөх Сэрхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, Ус, цаг уур, орчны шинжилгээний төв, улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн сумын иргэд хүртэж байна.
Дээрх байгууллага, зорилтот сумдын иргэдэд төслөөс нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн
тусламж үзүүлжээ. Тухайлбал, байгаль хамгаалагчдын 4 улирлын дүрэмт хувцас, туулах
чадвар сайтай тээврийн хэрэгсэл, мотоцикл, судалгааны багаж хэрэгсэл,
төхөөрөмж, мэргэжилтнүүдэд зориулсан оффисын тоног төхөөрөмж гэх мэт багтаж
байна.
"Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан
зохицох нь" төслөөс өнгөрсөн хугацаанд буюу 2023 оны байдлаар Баян-Өлгий
аймгийн байгаль орчны салбарт нийтдээ 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг
дээрх байгууллагуудаар дамжуулан олгоод байгаа ажээ.