ДУНДГОВЬ: Бага насны хүүхдүүдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх тухай мэдлэг олгож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-01 12:00:10
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдүүдэд учирч болзошгүй осол, гэмтлийг багасгах зорилгоор Дундговь аймгийн ОБГ-аас “Осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” аяныг нэгдүгээр сарын 8-наас эхлүүлж, Сайнцагаан сумын цэцэрлэгүүдэд “Миний найз” өдөрлөг зохион байгуулж байна.


Өдөрлөгийг тус аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Эрүүл мэндийн газартай хамтран Сайнцагаан сумын цэцэрлэгүүдэд зохион байгуулж байгаа ба энэ үеэр цэцэрлэгийн багш, алба хаагчдад ахуйн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул ослоос өөрийгөө хамгаалах “Бэлэн бай” сургалт, бага насны хүүхдийн гар утасны донтолт, амттаны хор хөнөөлийг таниулах “Миний муу найз” үлгэрчилсэн сургалт, ахлах болон бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд гэнэтийн аюул ослоос өөрийгөө хамгаалах “Амар мэндийн алхам” сургалт хийсэн төдийгүй цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлааг дэмжиж С витамин өгч, 2-5 насны хүүхдүүдийн хөлийн гишгэлтийн хэмжилт хийж, гажиг илрүүлэх үйлчилгээ үзүүлжээ.


"Миний найз" өдөрлөгийг Сайнцагаан сумын 8, 2 дугаар цэцэрлэгт зохион байгуулж, 317 хүүхэд хамрагдан, 15 хүүхдийн хөлийн хөгжлийн гажгийг илрүүлж багш, эцэг эх асран хамгаалагч нарт зөвлөгөө өгчээ. Аяны үйл ажиллагаа бусад цэцэрлэгүүдэд үргэлжлэн хэрэгжихийг зохион байгуулагчдын зүгээс тодотголоо. 





相关新闻