БАЯНХОНГОР: Үйлдвэрлэгчид түрээсийн төлбөргүйгээр үзэсгэлэн худалдаанд оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 31 /МОНЦАМЭ/. "Цагаан сар 2024" үзэсгэлэн худалдааг ирэх сарын 2-4-ний өдрүүдэд аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд болон гадна талбайд зохион байгуулна.
Үзэсгэлэн худалдааг Баянхонгор аймгийн ЗДТГ, аймгийн ИТХ, Хөгжлийн шийдэл ТББ-ын BEST хөтөлбөр, аймгийн Хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулах бөгөөд оролцогчдын бүртгэл маргааш хүртэл үргэлжилнэ.
Сар шинийн баярыг тохиолдуулан орон нутгийн бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, зах зээлд таниулан сурталчлах, үйлдвэрлэгч хэрэглэгчдийг холбох зорилгоор зохион байгуулдаг тус үзэсгэлэнд оролцогчдоос ямар нэгэн түрээсийн төлбөр хураамж авахгүйгээрээ онцлог.
Сонирхуулахад, "Цагаан сар 2023" үзэсгэлэн худалдаанд найман сумын 90 иргэн ААН оролцож, 130 гаруй сая төгрөгийн борлуулалт хийж байжээ.