БАЯН-ӨЛГИЙ: Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч Ж.Болдбаатар орон нутагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын баг Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан ажлуудын хэрэгжилт, үр дүнг Баян-Өлгий аймагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний анги, салбарын бие бүрэлдэхүүнд танилцуулах зорилгоор Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Аймгийн Засаг дарга А.Камелият ажлын багийн удирдлагыг энэ сарын 29-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд орон нутаг дахь батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцлээ.
Түүнчлэн ажлын баг аймгийн Хөгжимт драмын театрт төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлага, Зэвсэгт хүчний анги, салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагаанд батлан хамгаалах чиглэлээр тусгагдсан ажил, арга хэмжээний хэрэгжилт, мөн энэ хугацаанд Батлан хамгаалах яамнаас хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулж, алба хаагчдын санал, хүсэлтийг сонслоо.