Иван Ярыгины нэрэмжит цомын тэмцээнээс монголчууд 13 медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Оросын алдарт бөх Иван Ярыгины нэрэмжит чөлөөт бөхийн цомын тэмцээн ОХУ-ын Красноярск хотод болж өндөрлөлөө. Тус тэмцээнд Тэмцээнд Азербайжан, Албани, Аргентин, Армени, Беларусь, Венесуэл, Гүрж, Иран, Энэтхэг, Казахстан, Хятад, Куба, Кыргызстан, Молдав, Монгол, Румын, Сири, Тажикистан, Туркменистан, Турк, Узбекистан, БНСУ, Эквадор, OХУ гэсэн 24 орны тамирчид оролцсон нь түүхэн дээд амжилт болсон юм.
Гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнээс Монголын чөлөөт бөхийн тамирчид дөрвөн алт, долоон мөнгө, хоёр хүрэл медальтайгаар эх орондоо ирж байна. Эмэгтэйчүүдийн 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 55 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Хулан, 76 кг-д Э.Даваанасан, 72 кг-д З.Болортунгалаг нар алтан медалиар энгэрээ мялааж, төрийн дууллаа эгшиглүүлжээ. С.Цэрэнчимэдийн хувьд тус тэмцээнд гурав дахь удаагаа түрүүлж байгаа нь энэ.
Монголын чөлөөт
бөхийн тамирчдын оролцох дараагийн тэмцээн нь ирэх гуравдугаар сард Туркийн Анталия
хотод болох Ясыр Догугийн нэрэмжит олон улсын тэмцээн юм. Дараа нь дөрөв болон
тавдугаар сард Киргизстаны Бишкек, Туркийн Истанбул хотод олимпын эрхийн
тэмцээнд зодоглоно.