ТӨВ: Баянчандмань суманд 50 мянган тоннын багтаамжтай агуулах барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-27 21:55:29

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 26 /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баянчандмань суманд 50 мянган тоннын багтаамжтай, хүнсний ногооны зориулалт бүхий агуулахын цогцолборыг барьж байгуулахаар санамж бичиг байгууллаа. 

 

Санамж бичигт аймгийн Засаг даргын орлогч Г.Сурмаа, Баянчандмань сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга С.Доржпүрэв, “Улаанбаатар БҮК” ХК-ийн ТУЗ-ийн гишүүн  Горомов С.Б нар гарын үсэг зурлаа.  

 

Уг агуулах, цогцолбор нь Төв аймгийн ногоочдын тарьж ургуулсан хүнсний ногоо, хүнсний ногоогоор бүтээгдэхүүн боловсруулах, хадгалах технологи бүхий байгууламж байх юм.

 

Түүнчлэн Төв аймгийн тариаланч, ногоочдоос гадна Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн ногоочдын тарьж ургуулсан хүнсний ногоог Баянчандмань суманд төвлөрүүлж, нийслэл Улаанбаатар хотын иргэдийг чанартай хүнсний ногоо, хүнсний бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах зорилготой аж.

 

Агуулах, цогцолбор нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой учир сум, орон нутагт ажлын байр нэмэгдүүлж, иргэдийг ажлын байраар ханган, орлоготой болгох боломж бүрдэж байгаа тухай онцолж байв.


Уг ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хэрэгжилтийг хангах, Төв аймгийн “Хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлт”-ийн хүрээнд хэрэгжүүлж байна.

 

Ташрамд, агуулах, цогцолбор барьж байгуулах “Улаанбаатар БҮК” ХК нь 1984 онд “Байшин үйлдвэрлэх комбинат” нэртэй улсын үйлдвэрийн газар хэлбэрээр байгуулагдаж, тухайн үедээ Улаанбаатар хотын орон сууцны барилга, байгууламжийн 70 орчим хувийг, Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотын бүтээн байгуулалтад бетон зуурмаг болон төмөр бетон хийц эдлэлийг нийлүүлж ирсэн, туршлагатай хамт олон аж.

 

相关新闻