ДУНДГОВЬ: 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, түүхийн гэрч болсон нэг ахмад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. 1945 оны чөлөөлөх
дайнд Дундговь аймгаас оролцсон 800 гаруй ахмад дайчдаас өдгөө 100 настай нэг
ахмад түүхийн гэрч болон амьдарч байгааг тус аймгийн ЗДТГ-ын Цэргийн хэлтсээс
мэдээллээ.
Энэ хүн бол Дэрэн сумын харьяат, 100 настай Н.Пүрэвжалба
юм. Тэрбээр 1924 онд төрсөн, 1944 онд цэргийн албанд татагдан Сулинхээрийн 9
дүгээр отрядад алба хааж байгаад 1945 онд чөлөөлөх дайнд оролцжээ.
Н.Пүрэвжалба гуай хэлэхдээ “1945 онд чөлөөлөх дайнд
оролцож, Бат хаалга хүртэл яваад тухайн ондоо Дотоод явдлын яамны 9 дүгээр
хэлтсийн харьяа Олзлогсдыг хамгаалах хороонд томилогдон ирж алба хаан, японы
олзлогсдыг харгалзаж байсан. Тэндээсээ 1948 онд халагдаж, нутагтаа ирж ХАА-д
ажиллаж байгаад, 1960 оноос 30 жил худалдаанд агент хийж байсан. Тэгээд 1990
онд тэтгэвэртээ гарсан” гэлээ.
2024 оны байдлаар Дундговь аймгийн хэмжээнд 100 болон
түүнээс дээш настай 5 ахмад байгаагийн нэг нь Н.Пүрэвжалба гуай бөгөөд тэрбээр
эхнэр Цэвээнжавын Халтарын хамт Улаанбаатар хотноо амьдарч байна.