Хятадын гарааны компани цөмийн батарей бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-01-19 15:43:19

БЭЭЖИН, 2024 оны нэгдүгээр сарын 19 /new-science/. Хятадын "Betavolt" гэдэг гарааны компани цэнэглэх, засвар үйлчилгээ хийх шаардлагагүйгээр 50 жилийн турш цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой "BV100" цөмийн батарейг танилцуулж, технологийн салбарт томоохон нээлт хийснээ зарлалаа. 


Дэлхийн анхны жижгэрүүлсэн атомын эрчим хүчний систем гэгдэж буй энэхүү шинэ технологи нь зоосноос ч жижиг (15 x 15 x 5 мм) хэмжээтэй модульд шахсан цөмийн 63 изотопыг ашигладаг ажээ. Уг батарей 100 микроваттын цахилгаан, 3 вольтын хүчдэл үйлдвэрлэх чадалтай, түүнчлэн -60°C-аас +120°C хүртэл хэмд ажиллах боломжтой, олон давхар хамгаалалттай тул галд өртөхгүй, дэлбэрэхгүй гэнэ. 


Цөмийн батарей нь никель-63 хэмээх тусгай төрлийн никельд суурилсан учир байгаль орчинд ээлтэй. Никель-63 нь задарсныхаа дараа хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулдаггүй тогтвортой зэсийн изотоп болж хувирдаг байна.


Одоогоор уг батарейг туршиж байгаа бөгөөд туршилт дууссаны дараа ухаалаг гар утас, дрон зэрэг янз бүрийн төхөөрөмжүүдэд ашиглах зориулалттайгаар үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна. "BV100"-г мөн сансар, хиймэл оюун ухааны тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, бичил процессор зэрэгт ашиглахад тохиромжтой.


Энэхүү цэнэг хураагуурын технологийг сансрын хөлөг, усан доорх системийг барихад ашигладаг. Гэхдээ халуун цөмийн батарейны үйлдвэрлэл өнөөг хүртэл хэтэрхий өндөр өртөгтэйд тооцогдсон хэвээр байгаа юм. Америк, Европын судалгааны хүрээлэнгүүд ч энэ чиглэлд ажиллаж байна.


"Betavolt" компани 1 ваттын хүчин чадалтай батарейг 2025 он гэхэд гаргахаар төлөвлөжээ. Шинэ бүтээл нь хиймэл оюун ухааны эрин үед Хятадад давуу тал олж авах боломжийг олгоно гэдэгт тус компани итгэлтэй байна.

相关新闻