ӨМНӨГОВЬ: Цэцэрлэг, сургуулиудад халдварт өвчнөөс сэргийлэх зорилгоор 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2024-01-17 17:05:11

Даланзадгад, 2024 оны нэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. "Эрүүл Өмнөговь" хөтөлбөрийн хүрээнд иргэдийг халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, нөлөөллийн олон арга хэмжээ зохион байгуулж байна. 

 

Хөтөлбөрийн хүрээнд 2023 оноос эхлэн цэцэрлэгт хамрагдаж байгаа хүүхдүүдийг хелико бактери болон бусад халдварт өвчинд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 15 сумын 31 цэцэрлэгийн 183 бүлэг, 17 сургуулийн дотуур байранд бактери устгагчтай, өндөр темпаратурт ариутгадаг аяга, таваг ариутгагч төхөөрөмжөөр хангажээ.


Эдгээр сургууль, цэцэрлэгт нийт 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр хүүхэд, залуусын суурь эрүүл мэндийг урьдчилан сэргийлсэн төдийгүй улсын хэмжээний онцлох ажил болж байна гэж багш нар онцолж байна. 

 

Даланзадгад сумын нэгдүгээр цэцэрлэгийн багш Д.Сосорбурам:


-Манай нэгдүгээр цэцэрлэгийн хамт олон аяга таваг ариутгагч хэрэглэж хэвшээд нэг жил болж байна. Бид өмнө нь нэг хоёрдугаар хоол болон цайны аягыг бүгдийг нь гараараа угаадаг байсан. Тэгээд дараа нь аяга хатаагчинд хийдэг гэх зэрэг гар ажлууд их хийдэг. Харин бид автомат аяга таваг угаагчтай болсноор багш нарын  ажлын ачаалал багасаж байна. Аягаа угааж ариутгах хооронд бид бичиг цаасаа цэгцлэх олон давуу тал бий болсон. Хүүхдүүдийн хувьд ч эрүүл ахуйн аюулгүйн байдлыг хангаж байгаа  юм.

 

Даланзадгад сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Болормаа:


-Өмнө нь багш нар нэг цаг гаруй хугацааг аяга таваг угаахад зарцуулж байсан. Харин энэхүү аяга таваг угаагч ариутгагчаар бохирдлоо хаяад угаагчиндаа хийгээд цагаа хэмнэж байна. Энэ нь тэдний хөдөлмөрийг их хөнгөвчилж байгаад удирдлагын хувьд баярлаж байна. Энэ төсөл, үйл ажиллагааг зохион байгуулж хэрэгжүүлсэн орон нутгийн удирдлага, хамт олонд талархлаа. 

相关新闻