Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх сонсголыг зохион байгуулав.
Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ оны 02 дугаар тогтоолоор нэр дэвшигчийн сонсголыг энэ оны нэгдүгээр сарын 16-нд зохион байгуулахаар, сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томилсон юм. Сонсгол даргалагч сонсголын дэгийг танилцуулсны дараа УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга М.Үнэнбат Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Б.Пүрэвдагвын талаар танилцуулав. Төрийн албаны тухай хуульд “Зөвлөлийн гишүүнд УИХ-ын Тамгын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна” гэж заасны дагуу УИХ-ын Тамгын газраас нэр дэвшүүлж томилсон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дээр дурдсан хуулийн шаардлага хангасан УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Баярын Пүрэвдагвыг нэрийг дэвшүүлсэн хэмээв.
Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэнгийн талаар Шадар сайд С.Амарсайхан танилцуулсан юм. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр ажиллаж байсан С.Цэдэндамбын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул ЗГХЭГ-аас тус зөвлөлийн гишүүний сул орон тоонд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр сарын 4-нд олон нийтийн сүлжээгээр нээлттэй зарлаж, сонгон шалгаруулалтын зарыг цахим хуудсанд байршуулсан. Нийт есөн нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас нэг нэр дэвшигч нэрээ татан авсан байна. ЗГХЭГ-ын даргын 2022 оны хоёрдугаар тушаалаар байгуулсан ажлын хэсэг холбогдох хуулийн хүрээнд найман нэр дэвшигчийн материалыг хянан үзэхэд бүгд хуульд заасан шаардлагыг хангасан тул нэр дэвшигчийн ажлын туршлагад үндэслэн Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнд нэр дэвшүүлсэн байна.
Танилцуулгын дараа нэр дэвшигч Б.Пүрэвдагва, Л.Цэдэвсүрэн Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр нэр дэвшсэн үндэслэл, боловсрол, ажлын туршлагын талаар мэдээлээд, томилогдсон тохиолдолд хийх ажлын талаараа танилцуулсан юм. Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Нэр дэвшигчийн сонсголын дараа сонсголд оролцсон гишүүд хаалттай хуралдаж, нэр дэвшигчдийн ирүүлсэн материал болон сонсголын үр дүнд үндэслэн шийдвэрээ гаргаж Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахаар болов.