БАЯНХОНГОР: Дэлхийд таван динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь Байгалийн музейд бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-11 09:44:20

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Махан идэшт аварга үлэг гүрвэл Тарбозаврын бүтэн хэлхээ яс Баянхонгор аймгийн “Байгалийн музей”-д олны хүртээл болон оршиж байна. Дэлхийд таван динозаврын яс бүтнээрээ олдоод байгаагийн нэг нь тус үзмэр юм.


Геологийн нас: Нэмэгтийн цаг үе 78 – 65 сая жил  

Олдсон газар: Баянхонгор, Баянговь сумын Бүгийн цав

 

Махчин динозаврын төрөл болох Тарбозавр нь одоогоос 130 сая жилийн өмнө амьдарч байсан бөгөөд 1982 онд Монгол, Оросын хамтарсан судалгааны баг Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн Цавын хоолойгоос уг олдворыг олж байжээ. Энэхүү олдворын малтлагын ажлыг анх 1986 онд гүйцэтгэсэн бөгөөд 1987-1988 онд тус хүрээлэнгийн палеонтологийн лабораторид хөрс чулуулгаас нь салган цэвэрлэх техник боловсруулалт болон судалгааны ажил хийгдэж, 1989 оны зургаадугаар сарын нэгнээс эхлэн 3 сарын турш музейн үзмэр болгож угсарсан  аж.


Тус аварга махан идэшт үлэг гүрвэлийн хэлхээ ясыг сэргээн засварлах, дахин бэхжүүлэх, угсран үзүүлэх, хэлбэр дизайныг шинэчлэх болон бусад холбогдох ажлыг ШУА-ийн Палеонтологийн төвийн судлаачдын зөвлөмж, заавар, удирдлагаар “Хүннү арт” ХХК, Баянхонгор аймгийн Түүх угсаатан, Байгалийн түүхийн музей зэрэг байгууллага хамтран гүйцэтгэсэн байна. Соёл, шинжлэх ухааны байгууллага хамтран мэргэжлийн өндөр түвшинд орон нутагт шинжлэх ухаан танин мэдэхүйн бүтээгдэхүүнийг бэлтгэн нийлүүлэх үлгэр жишээ болсон уг ажлыг гүйцэтгэх зардлыг ССАЖЯамны дэргэдэх “Археологи Палеонтологийн музейн шинэчлэл төсөл”-өөс гаргаж байжээ.




Тарбозавр гэдэг нь tarbo/аймшигт/, sausrus/гүрвэл/ гэсэн грек үгээс гаралтай. Нас бие гүйцсэн Тарбозаврын урт нь 12 метр, өндөр нь 4-5 метр, хүндийн жин нь 6 тонн шахам жинтэй болдог гэх эрдэмтдийн тооцоолол бий. 


Баянхонгор аймгаас олдсон Тарбозаврын хэлхээ ясны өндөр нь гурван метр, урт нь есөн метр учир насны хувьд харьцангуй залууд тооцогдох юм.

Дэлхий дээр 300 гаруй төрлийн үлэг гүрвэл байсныг одоогоор олж тогтоосноос 60 гаруй төрөл нь Монголын нутгаас олдсон бөгөөд хамгийн том, махан идэшт үлэг гүрвэл нь Тарбозавр. Эртний энэ аварга амьтад болон далайн амьтдын чулуужсан яс нь Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цав төдийгүй Шинэжинст сумын Ногоон цав, Богд сумын Орог нуурын орчин, Ам гол, Луу яст зэрэг газраас олджээ.

相关新闻