ӨВӨРХАНГАЙ: Олон улсын гар зургийн уралдаанд сурагч О.Баттогтох тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын холбоо (NEAR) -оос хүүхэд, сурагчдад зориулсан 11 дэх удаагийн гар зургийн уралдаанд Өвөрхангай аймгийн сурагч гранпри шагналыг хүртлээ.
“Зүүн хойд Азийн баяр наадам миний нүдээр” сэдвээр зохион байгуулсан тус уралдаанд Монгол, Япон, ОХУ, БНХАУ, БНСУ зэрэг улсын 52 хотоос 827 сурагч оролцсоны дотор Өвөрхангай аймгаас есөн сурагч бүтээлээ илгээсэн юм.
Олон улсын уралдаанаас шагнал авсан хүүхдүүдийн бүтээл
Уралдааны шилдгийн шилдэг шагналыг Арвайхээр сумын Мэргэд лаборатори сургуулийн 12а ангийн сурагч О.Баттогтох “Монгол наадам камерын дуранд” бүтээлээр авсан бол гутгаар байрт Мэргэд сургуулийн 12а ангийн сурагч Б.Баярт-Энх, Б.Үлэмж-Оюут нар, тусгай байрт Б.Билгүүнжаргал, С.Мөнхсаруул, Д.Хулан, Н.Энхжин, Б.Саранчимэг, Б.Есөннорзом нарын бүтээл шалгарсан байна. Өнөөдөр авъяаслаг сурагчдад аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч И.Доржсүрэн шагналыг гардууллаа.
Гар зургаар дамжуулан хүүхэд, сурагчдад Зүүн хойд Азийн нийгэм, эдийн засаг, соёлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой тус уралдаанд Өвөрхангай аймгийн сурагчид гурав дахь жилдээ оролцож байна.
“Эдгээр хүүхдүүд 6 дугаар ангиасаа бэлтгэгдэж, 4-6 жилийн турш дүрслэх урлагаар
хичээллэдэг. Уралдаанд оролцохын өмнө гар зургийн эскиз гаргадаг, дахиад долоо хоног өнгөт зураг дээрээ суудаг. Хүүхдүүд
өөрсдийн сонирхлоороо хичээлийн бус цагаар шөнийн 1, 2 цаг хүртэл зургаа зурж
суудаг” хэмээн Мэргэд лаборатори
сургуулийн Дүрслэх урлаг, технологийн багш Б.Алтангэрэл хэллээ.
Тэрбээр гурван жил дараалан хүүхдүүдийг уралдаанд бэлтгэн оролцож байгаа
бөгөөд 2021 онд хоёр сурагч оролцон 3-р байрт шалгарч байсан бол 2022 онд
зургаан хүүхэд бүтээлээ илгээн хоёр, гурав, тусгай байрын шагналуудыг авч
байжээ.