ДУНДГОВЬ: Онцгой комиссоос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-05 12:25:17
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Онцгой комисс 2024 оны нэгдүгээр сарын 3-нд  68,1 хувийн ирцтэй хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллахаар шийдвэрлэв.


Тус аймгийн нийт нутгаар, тодруулбал, Говь-Угтаал, Цагаандэлгэр, Өлзийт сумын нутагт 6-7 см, бусад сумын нутгаар 1-4 см зузаан цасан бүрхүүл тогтож, өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.


2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр Дундговь аймаг 3,6 сая толгой мал тоолуулсан бөгөөд эхний ээлжид өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх, хээрийн цасны хэмжилт хийх, цаг агаарын мэдээллийг иргэдэд хүргэх зурвасны эрхийг сунгах, малчдын малыг амьдаар борлуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ.


Онцгой комиссын хуралдаанаас өвс, тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэхийн тулд шууд худалдан авалт хийх, малчдын малыг амьдаар борлуулах ажлыг ХХААГ, сумын Засаг дарга нартай хамтран зохион байгуулах, Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс хүргүүлсэн албан бичгийн дагуу сум бүр хээрийн цасны хэмжилт хийх, аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл доголдоод байгаа Адаацаг сумын халаалтын үйл ажиллагааг яаралтай хэвийн байдалд оруулах зэрэг үүрэг, чиглэлийг өглөө гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. 



相关新闻