ДУНДГОВЬ: Үндэсний дээл, хувцсаа өмсөж хэвших уриалга гаргав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-04 15:55:18
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол үндэсний бахархал, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, соёлын дархлааг дэмжих зорилгоор Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “Үндэсний дээл хувцсаа өмсөж, хэвших”-ийг уриалж, захирамж гаргажээ.


Сар бүрийн 3 дахь долоо хоногийн лхагва гарагт үндэсний хувцсаа өмсөж байхыг бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд уриалжээ. Тогтсон хугацаанд хамт олноороо үндэсний хувцсаа өмсөж, хэвшүүлэх ажлыг зохион байгуулахыг сумын Засаг дарга нар байгууллагын удирдлагуудад үүрэг болгосон байна.


Аливаа ард түмний эд өлгийн соёлын нэгэн дурсгал нь хувцасны соёл юм. Монгол дээл нь байгаль цаг уур, эрхэлж буй нүүдлийн мал аж ахуй, ёс заншил, газар зүйн байрлалтай төгс зохицсон, өвөрмөц хийц загвартай хувцас юм.


Монголын ард түмэн цагаан сар, үндэсний баяр наадам зэрэг баяр ёслолын үеэр үндэсний дээл, хувцсаараа гоёдог хэдий ч энгийн үед дээл өмсөх нь ховор байдаг. Тиймээс хүүхэд, залуучуудад үндэсний хувцсаа өмсөж хэвшүүлэх, хэрэглээ болгох, соёлын үнэт зүйлээ хадгалж хамгаалах, өв соёлоо уламжлуулах зорилгоор ийнхүү уриалга гаргасан байна. 

相关新闻