ДУНДГОВЬ: Нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-01-02 17:51:05
altantogos

Мандалговь, 2024 оны нэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд Дундговь аймгийн хэмжээнд цас орохгүй, салхи 12-14 м/с хүрч ширүүсэх ба шөнөдөө -20-25, өдөртөө -7-12 градус хүйтэн байхыг аймгийн УЦУОШТ-өөс мэдээллээ.


2024 оны 1 дүгээр сарын 2-ны байдлаар тус аймгийн Говь-Угтаал, Цагаандэлгэр, Өлзийт сумын нутагт 6-7 см, бусад сумын нутгаар 1-4 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.


2023 оны 12 дугаар сарын дунд болон сүүлийн 10 хоногт Дундговь аймгийн нийт нутгаар цас орж, хүйтэн байсан нь мал аж ахуйн үйлдвэрлэлд  өвөлжилт хүндэрч байгааг малчид онцолсон.


Энэ өдрүүдэд агаарын дундаж температур нийт нутгаар 22,1-25,4 градус хүйтэн байсан нь олон жилийн дундажтай харьцуулахад 6,6-8,5 градусаар хүйтэн байсан бөгөөд агаарт өдөртөө 11-18 градус хүйтэн, шөнөдөө Цагаандэлгэр суманд 36 градус, бусад нутгаар 30-34 градус хүйтэн байжээ. Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр суманд 30 градусаас давж, 5-6 өдөр, бусад нутгаар 1-4 өдөр хүйтэрсэн байна.


УЦУОШТ-өөс гаргасан цаг уурын урьдчилсан мэдээгээр 2024 оны нэгдүгээр сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.


Нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд 2-4 градусаар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон жилийн дунджаас 2-4 градусаар хүйтэн байна.


Нэгдүгээр арав хоногийн дунд үе болон хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн зарим хэсгээр цас орж, цасан шуурга шуурч болзошгүйг анхааруулжээ. 

相关新闻