БАЯН-ӨЛГИЙ: Онцгой байдлын байгууллага 586 хүний амийг авран хамгаалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар 2023 онд хийсэн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ.
Уг хуралд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Мухамед, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Цэргийн штабын дарга, хурандаа Ц.Буянтогтох нар оролцож алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлэв.
Аймгийн Онцгой байдлын газрын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд тухайн онд 102 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Эдгээр дуудлагын дагуу давхардсан тоогоор 1292 алба хаагч, 174 техник хэрэгсэл, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагуудаас 952 хүн, 321 техник хэрэгсэл үүрэг гүйцэтгэж, 586 хүний амь насыг, мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 9.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Ташрамд дурдахад,
Баян-Өлгий аймгийн онцгой байдлын байгууллага анх 1971 онд БНМАУ-ын Сайд
нарын зөвлөлийн тогтоолоор аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн дэргэдэх
“Гал команд” нэртэйгээр 25 хүнтэй, гал унтраах зориулалтын 2 автомашинтай
байгуулагдсан түүхтэй. Одоо аймгийн Онцгой байдлын газар болон өргөжиж 2 дугаар зэрэглэлийн Гал түймэр
унтраах, аврах 31, Цэнгэл сум дахь 71 дүгээр анги, Дэлүүн сум дахь Эрэн хайх,
аврах бүлэг, Улсын нөөцийн салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.