БАЯНХОНГОР: Хаус хороолол байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Шинэ суурьшлын бүсэд 140 айлын хаус хороолол байгуулахаар "Хаш гоёо", "Гал хонгор" ХХК-тай аймгийн удирдлага Санамж бичиг байгуулж, ирэх оноос ажлыг эхлүүлэхээр боллоо.
Олон улсын стандарт байдлаар цогцлоох хаус хорооллыг ашиглалтад оруулснаар Баянхонгор хотод иргэдийн ажиллаж амьдрах таатай орчин нөхцөл бүрдэх юм.
Баянхонгор сумын гэр хороолол болон шинэ суурьшлын бүсийг дэд бүтцэд холбох, шугам сүлжээ тавих ажил жигдэрсэн бөгөөд дэлхийн технологийг нэвтрүүлэх суурь нөхцөлөө бүрдүүлсэн хэмээн тооцож байгаа аж. Олон улсын хэмжээнд нэвтэрсэн дэд бүтцийн оновчтой шийдэл бүхий байгаль орчинд ээлтэй, бүрэн цутгамал хаус хорооллын ажлыг 2024 оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөжээ.
Хаус хорооллын квадрат талбайн сонголтыг уян хатан нөхцөлтэй, заслыг чанар, стандартад нийцүүлж, нээлттэй зохион байгуулалтыг хэрэглэгчдэд санал болгох аж.
Сонирхуулахад, Төвлөрлийг сааруулах, Баянхонгор хотыг тэлэх зорилгоор эхлүүлсэн Шинэ суурьшлын бүсийн ажил амжилттай өрнөж байна. Орчин үеийн дэвшилтэт технологи, дэд бүтцийн оновчтой шийдэл бүхий 2020 оноос эхлүүлсэн тус төслийн хүрээнд 30 орчим тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр тодорхой ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа юм.
Жил ирэх тусам тэлэн хөгжих энэхүү шинэ сууринд 2022 оны жилийн эцсийн байдлаар 500 айл өрхөд газар олгоод байгаа бол 640 хүүхдийн сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж, 500 орчим сурагчтай тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Мөн 100 айлын хоёр орон сууц барьж оршин суугчдаа хүлээн авч, 14 ортой эмнэлгийн барилга, Ингэний сүүний үйлдвэр ашиглалтад орж, 1000 тоннын мах ногооны зоорийн гүйцэтгэл дуусах шатандаа байна.