ДУНДГОВЬ: Т.Урангоо: Шатар тоглох нь хувь хүний хүмүүжилд их зөв нөлөөлдөг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ИТХ-ын даргын нэрэмжит “Мандалговь-2023”
шатрын тэмцээн 12 дугаар сарын 23-нд зохион байгуулж, шилдэг тоглогчдыг
шалгарууллаа.
Тус тэмцээнд 19 шатарчин өрсөлдөж, оюун ухаанаа уралдуулснаас эрэгтэй төрөлд М.Нямлхагва түрүүлж, Д.Наваанжаргал дэд байр, Г.Нямхүү гурав, Г.Намжилсүрэн тусгай байрт шалгарсан бол эмэгтэй төрөлд Б. Өнөтуяа түрүүлж, Д.Бат-Өлзий дэд байр, Т.Урангоо гурав, Г. Өнөржаргал тусгай байр тус тус эзэлжээ.
Тэмцээний гуравдугаар байрын шагналт, Сайнцагаан сумын Өлзийт мандал ӨЭМТ-ийн дарга Т.Урангоо 2023 онд “Спортын дэд мастер” цол хүртэж, аймгийн хэмжээнд зохион байгуулсан шатар, даамны тэмцээн бүрд амжилттай оролцжээ.
Түүний амжилт, шатрын спортоор хичээллэх болсон талаар
тодруулахад:
Энэ жил “Спортын дэд мастер” цолоо хамгаалж, аймгийн
ИТХ-ын даргын нэрэмжит тэмцээнд гурав, С.Таня багшийн нэрэмжит даамны аварга
шалгаруулах тэмцээнд хоёр, Говийн бүсийн шатрын аварга шэлгэруулах тэмээнд
тусгай байр, аймгийн Бага олимпын шатрын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаар
байр эзэлж, даамны тэмцээнд түрүүллээ.
Анх 6 настай байхад аав маань шатрын нүүдэл зааж өгч байсан. Тухайн үед морины нүүдэл их хэцүү санагдаж, “Г” үсэг шиг нүүдэл гэж хэлээд л загнуулдаг байж. Тэгээд хүргэн ах Оюун-Эрдэнэ маань шатар тоглох арга барил суулгаж, амралтын өдөр болгон ирж нүүдэг байлаа. Анх аймгийн аварга шалгаруулах тэмцээнд орж тоглоод зооноосоо гарч чадалгүй тоглолт маань дууссан.
Харин дараа жил нь “Цодгор хүү” шатрын тэмцээнд оролцож, анх удаа “аймгийн аварга” болж, Улсын аварга шалгаруулах тэмцээнд явж байсан юм. Сүхээ багшийн шатрын дугуйланд суралцдаг байхдаа медальтай, сайн тоглодог хүүхдүүдийг хараад “хэзээ энэ хэд шиг болно доо” гэж боддог, мөрөөддөг байлаа.
Гэхдээ нэг хэсэг шатраас хөндийрч байтал багш маань ээжтэй
уулзаж, “их хөөрхөн шатарчин болох хүүхэд шүү, шатрыг нь битгий хаяулаарай” гэж
хэлээд өөрөө Улаанбаатар шилжсэн байсан. Тэгээд С.Таня багшийнхаа дугуйланд
суралцсан даа.
Шатар тоглох их олон талын ач холбогдолтой гэж боддог. Сууж сурна, тэвчээртэй болно, анхаарал төвлөрөлт сайжирна, аливаа зүйлийг олон талаас нь бодож дүгнэлт гаргаж чаддаг болно. Амжилт үзүүлэхээс илүү хувь хүний хүмүүжилд их зөв нөлөөлдөг, тэвчээр суулгадаг, ухаан суулгадаг тоглоом шүү дээ. Одооны хүүхдүүд онол их үздэг, харин би бол онол үзээгүй шатарчин. Бодоод л нүүчихдэг юм” гэлээ.