Туркийн парламент Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколыг хэлэлцэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АНКАРА, 2023 оны арванхоёрдугаар сарын 23 /Anadolu/. Туркийн парламент буюу Үндэсний их хурал /ҮИХ/ Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколын
талаар ирэх мягмар гарагт хэлэлцэнэ гэж ҮИХ-ын Гадаад бодлогын хорооноос баасан
гарагт мэдэгджээ.
Мөн олон улсын гэрээ, хэлэлцээр батлахтай холбоотой 10 гаруй хуулийн төслийг хэлэлцэнэ гэж уг мэдэгдэлд дурдсан байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган 10 дугаар сард Шведийг НАТО-д элсүүлэх тухай протоколд гарын үсэг зурж, парламентад өргөн барьсан юм.
2022 оны хоёрдугаар сард Орос Украинд дайн өдүүлсний дараахан Финланд, Швед улсууд НАТО-д элсэх хүсэлтээ гаргасан юм. Туркийн тал Финланд улсыг НАТО-д гишүүнээр элсүүлэхийг зөвшөөрсөн боловч Швед улсыг аюулгүй байдлын салбарт Анкараг түгшээж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор 2022 оны зургаадугаар сард байгуулсан гурван талт санамж бичгийг дагаж мөрдөхийг нь хүлээж байна гэж мэдэгдсээр иржээ.