БАЯН-ӨЛГИЙ: Ажил олгогчдын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Хөдөлмөр эрхлэлт-Нийгмийн түншлэл” сэдэвт ажил олгогчдын уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 21-ний өдөр Өлгий хотод зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар оролцож, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төрийн бодлого, хийж байгаа ажлууд, цаашид ажил олгогчдыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлэх хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өглөө.
“Баян-Өлгий аймагт сүүлийн 3 жилд ажилгүйдэл харьцангуй буурсан. 2020 онд ажилгүйдлийн түвшин 20,9 хувьтай байсан бол энэ үзүүлэлт 10,4 хувь болж багассан. Ийм үр дүн гарахад ажил олгогч нар маш их хувь нэмэр оруулсан. Тийм учраас ажил олгогч нарт мэдээлэл өгөхөөр энэ удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хөдөлмөрийн зах зээлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан "И-ЖОВ" платформ ашиглалтад ороод нэг жил болж байгаа. Тухайн платформд үндэсний хэмжээнд өнөөдрийн байдлаар ажил хайж байгаа 85 мянган хүн бүртгүүлсэн.
Мөн 69 мянган ажлын байр зарлагдсан. Эдгээр мэдээллийг сайн хүргэх юм бол ажил хайж буй иргэд ажилтай болох боломжтой. Түүнээс гадна Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам энэ жилээс эхлэн ажил олгогчийг дэмжих шинэ арга хэмжээг зарлаж байна. Байнгын ажлын байр бий болгосон ажил олгогчид санхүүгийн дэмжлэг олгоно. Тодруулж хэлэхэд, бий болгосон ажлын байрны тоогоор 5 сарын хугацаанд сар бүр 825 мянган төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Тухайн мөнгийг ажилтны цалин, эсвэл сургалт, нийгмийн даатгалын шимтгэлд зарцуулах уу гэдгийг ажил олгогч өөрөө шийднэ” гэдгийг тэрбээр онцлов.
Хэлэлцүүлгийн үеэр “И-ЖОВ” платформ ашиглахад хялбар эсэх, оруулсан мэдээлллийн үр дүнг ашиглах боломжууд, тулгамдаж буй бэрхшээлүүдийн талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Мөн энэ үеэр шилдэг ажил олгогч байгууллагаар “Зергер интернэшнл”, “Көшелик”, “Күмис ине”, “Цамбагарав-Өгөөж”, “Эрчимбаян-Өлгий”, “Памуккале” зэрэг компанийг шалгаруулж урамшууллаа.