ДУНДГОВЬ: "С.Буяннэмэх тэмдэгтэн" болзлыг 40 хүүхэд хангажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-22 11:51:22
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн иргэд, уншигч хүүхэд, багачууд “Номтой шинэ жил” сүлд модны наадмаа 12 дугаар сарын 21-ний өдөр хийж, шилдэг уншигчдаа шалгарууллаа.


С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн Төв номын сангаас тус наадмыг 18 дахь жилдээ зохион байгуулж, "С.Буяннэмэх тэмдэгтэн", "Д.Нацагдорж тэмдэгтэн", "Номын сайн нөхөр" сурагчдыг тодруулдаг. 2023 оны хувьд "Миний уншсан ном дүрслэх урлагт" уралдаан, "Олуулаа уншъя-Номтой нөхөрлөе" аян зохион байгуулж, мөн шилдэг уншигчдыг тодруулсан амжилтаар шинэ оноо угтаж байна.


Дундговь аймаг Хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний ном унших хүсэл сонирхлыг дэмжих, найруулан бичих, уран унших чадварыг хөгжүүлэх, дэлхийн болон Монголын ард түмний бичгийн их өв соёлтой танилцуулж, түүгээр хүмүүжүүлэх зорилгоор Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит шагнал олгохоор шийдвэрлэснээс хойш 15 жил болжээ.


2023 онд 9 сумын 12 сургуулийн 40 сурагч энэхүү шагналын эзэд болсноор нийт 599 хүүхэд “С.Буяннэмэх тэмдэгтэн” болзол хангасан байна.



Харин “Нацагдорж тэмдэгтэн” шагналын эзнээр Сайнцагаан сумын Цэгц билиг сургуулийн 9а ангийн сурагч Б.Бүжин, Эрдмийн далай цогцолбор сургуулийн 4в ангийн сурагч М.Саранхүү, Хулд сумын ЕБС-ийн 5а ангийн сурагч Д.Жаргалмаа, Өндөршил сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Н.Дашням нар шалгарчээ. Б.Бүжин 2018, 2020 онд, М.Саранхүү 2021, 2022 онд, Д.Жаргалмаа 2021, 2022 онд “С.Буяннэмэх тэмдэгтэн” шагналын болзлыг хангасан байна.


Ном уншигчдын шинэ жилийн баярын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож, шилдэг уншигч хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан бөгөөд энэ үеэр уншигч хүүхдүүдийн бүтээлийн үзэсгэлэнг толилуулж, “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын уран бүтээлч хүүхдүүд ая дуугаа өргөжээ.


















相关新闻