Иорданаас Газын зурвас руу тусламж нэвтрүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
АММАН, 2023 оны
арванхоёрдугаар сарын 21 /VOA/. Иорданы тусламжийн
байгууллагатай хамтран зохион байгуулсан тусламжийн цуваа Газын
зурваст лхагва гарагт ирсэн гэж Дэлхийн хүнсний
хөтөлбөр мэдэгджээ.
Нийт 46 ачааны
машинд 750 тонн хүнс тээвэрлэсэн байна. Энэ нь 10 дугаар сарын 7-ноос хойш Иорданаас Газын зурвас руу тусламжийн цуваа нэвтрүүлсэн анхны тохиолдол юм гэж хүнсний агентлаг мэдээлсэн байна.
“Иорданаар
дамжин өнгөрөх коридор байгуулах нь тусламжийн урсгалыг нэмэгдүүлж, бидний тулгарч буй дарамт, түгжрэлийн асуудлыг арилгахад тус нэмэр болно” гэж Дэлхийн хүнсний
хөтөлбөрийн Палестин дахь төлөөлөгч Самер Абдель Жаберийн мэдэгдэлд дурджээ.
Газын зурвасын хүн амын тэн хагас нь өлсгөлөнд нэрвэгдэж, хоол хүнс, ус, хоргодох байр дутагдаж байгааг Дэлхийн хүнсний хөтөлбөрийн зүгээс анхааруулаад, нэн даруй гал зогсоож, Газын зурвас руу нэвтрэх бүх хилийн боомтыг нээхийг уриалсаар байна.