Аргентины Ерөнхийлөгч төрийн зохицуулалтыг багасгах багц арга хэмжээг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-12-21 10:29:08

БУЭНОС-АЙРЕС, 2023 арванхоёрдугаар сарын 21 /TASS/. Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей эдийн засагт төрийн зохицуулалтыг багасгахад чиглэсэн багц арга хэмжээний тухай зарлигийг лхагва гарагт танилцууллаа.


Тэрбээр ард түмэндээ хандаж үг хэлэхдээ “Бид манай улсыг сүйрүүлж буй энэхүү хазаарлан боомилдог тогтолцооны эрх зүйн орчныг задалж эхлэх тухай зарлигт гарын үсэг зурлаа" гэж мэдэгдсэн байна. 


Өөрийнх нь хэлснээр “шийдлийн оронд зөвхөн асуудал дагуулдаг зохицуулалтаас” эдийн засгийг чөлөөлөхөд чиглэсэн 30 арга хэмжээг Х.Милей танилцуулав. Тухайлбал, экспортод хязгаарлалт тогтоохыг хориглож, төрийн өмчит компаниудыг хувьчлахад саад учруулсан зохицуулалтыг хүчингүй болгожээ. Мөн олон улсын худалдааг хөнгөвчлөх зорилгоор үнийн зохицуулалт, гаалийн журмыг шинэчлэхээр шийдвэрлэсэн байна. Ерөнхийлөгчийн хэлснээр, түүний засгийн газар нийтдээ "300 гаруй шинэчлэл" хийхээр төлөвлөж байна. Х.Милей эдгээр багц арга хэмжээний хуулийн төслийг хэлэлцүүлэхээр парламентын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар шийдвэрлэснээ мэдэгдлээ.


Тэрбээр 12 дугаар сарын 10-нд үүрэгт ажилдаа орсон бөгөөд төрийн тэргүүний хувиар анх удаа үг хэлэхдээ, улс орныхоо байдлыг нэн эгзэгтэй хэмээн тодорхойлоод эдийн засагт эрс шинэчлэл хийх шаардлагатай гэж мэдэгдсэн юм. Либертари үзэл баримталдаг Х.Милей төрийн оролцоог багасгаж, инфляцтай тэмцэхийн тулд Аргентины Төв банкийг татан буулгах шаардлагатай гэж мэдэгдэж байсан бөгөөд төрийн өмчит компаниудыг хувьчилна гэж амлаж байв.

相关新闻