НҮБ-ын Ерөнхий ассамблейн 71 дүгээр чуулганы даргатай уулзав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРНҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы хуралдаанд оролцож буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы дарга Питр Томсонтой 9 дүгээр сарын 23-нд НҮБ-ын Төв байранд уулзав.
Уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд хэрэгжүүлэх боломжит арга хэмжээ, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцов.
Энэ дашрамд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы дарга Питр Томсон нь Фижи Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд бөгөөд хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн дарга хийгээд НҮБ-ын сонгуульт бусад өндөр албан тушаалуудыг хашиж байсан, туршлагатай дипломат юм.
Маргааш нь буюу энэ сарын 23-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Г.Ачариатай НҮБ-ын төв байранд уулзав.
Уулзалтын үеэр Сайд Ц.Мөнх-Оргил энэ оны эхээр Улаанбаатар хотноо болсон Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний семинарыг зохион байгуулахад дээд төлөөлөгчийн албанаас дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж, Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвийг байгуулах тухай Олон талт хэлэлцээрийг бүрэн хүчин төгөлдөр болгоход чиглэсэн үйл ажиллагааны талаар товч танилцуулав. Монгол Улсын Засгийн газрын хувьд чухалд тооцогдож буй энэхүү төвийг боломжтой бүхий л хэлбэрээр дэмжихийг хүсэв. Ноён Г.Ачариа далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дээрх төвийн гүйцэтгэх үүрэг чухал гэдгийг тэмдэглэв.