Улаан тэнгист аюулгүй байдлыг хангах ажиллагаа эхэллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /BBC/. Йемений хутичууд хөлөг онгоцууд руу халдаж байгаатай холбоотойгоор Улаан тэнгист аюулгүй байдлыг хангах олон улсын ажиллагааг эхлүүлсэн болохыг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгджээ.
"Сүүлийн үед Йемений хутичуудын балмад халдлага нь худалдааны чөлөөт урсгалд заналхийлж, гэмгүй далайчдад аюул учруулж, олон улсын хуулийг зөрчиж байна" гэж Пентагоны цахим хуудсанд нийтэлсэн сайдын мэдэгдэлд дурдсан байна.
"Prosperity Guardian" хэмээн нэрлэсэн уг ажиллагаанд Их Британи, Бахрейн, Канад, Франц, Итали, Нидерланд, Норвеги, Сейшелийн арлууд, Испани зэрэг олон орон нэгдсэнийг Пентагоны тэргүүн онцолжээ.
Тэрбээр цааш нь хэлэхдээ "Бүх улс орны хувьд далайн замын эрх чөлөөг хангах, бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, Улаан тэнгисийн өмнөд хэсэг болон Адены булан дахь аюулгүй байдлын асуудлыг хамтран шийдвэрлэхийн тулд улс орнууд нэгдэж байна” гэв.
Улаан тэнгисээр дамжин Израил руу явж буй бүх хөлөг онгоц руу хэн эзэмшиж байгаагаас үл хамааран довтолно гэж Йемений хутичиууд өмнө нь мэдэгдсэн байна. Үүний дараа Баб-эль-Мандебын хоолой болон Улаан тэнгист хөлөг онгоцyууд руу хэд хэдэн удаа халджээ.