Эль-Сисси гурав дахь удаагаа Египетийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАИР, 2023 оны арванхоёрдугаар сарын 19 /VoA/. Сүүлийн есөн жилийн турш төр барьж буй Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах эль-Сисси гурав дахь удаагаа, зургаан жилийн хугацаагаар төрийн тэргүүнээр дахин сонгогдсоныг даваа гарагт зарлан мэдэгджээ.
Энэ удаагийн сонгуульд олон нийтэд танигдаагүй гурван нэр дэвшигч Эль Сисситэй өрсөлджээ. Тэрбээр үнэмлэхүй ялалт байгуулж, 89.6 хувийн санал авсныг Үндэсний сонгуулийн хорооноос мэдэгдсэн байна. Египетийн 67 сая гаруй сонгогчийн 66.8 хувь нь сонгуульд оролцон саналаа өгчээ.
Египеттэй
хиллэдэг Газын зурваст өрнөж буй Израиль-ХАМАС-ын дайн нь бүс нутгийг хамарч даамжрах вий гэсэн болгоомжлол үүсээд буй энэ үед сонгуулийн талаарх мэдээлэл дэлхий нийтэд төдийлөн анзаарагдалгүй өнгөрсөн байна.
Эль-Сисси
анх 2014 онд ерөнхийлөгчөөр
сонгогдож, дараа нь 2018 онд дахин сонгогдсон юм. Жилийн дараа бүх нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт,
өөрчлөлт оруулснаар Эль-Сиссигийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгож, гурав дахь удаагаа нэр
дэвших боломжийг олгожээ.
Түүний энэ
удаагийн сонгуулийн ялалт
нь "урьдчилан найруулсан тоглолт байсан” гэж
олон нийт үзэж байна. Түүний
гурван өрсөлдөгч олны танил болж
чадаагүй улс төрчид байсан бөгөөд сонгуулийн кампанит ажлын үеэр олон нийтийн өмнө цөөн удаа үзэгджээ.
Бүгд Найрамдах Ардын намын дарга Хазем Омар 4.5 хувийн
саналаар хоёрдугаарт, сөрөг хүчний Социал демократ намын дарга Фарид Захран 4 хувийн саналаар удаалсан байна. Вафд
намын дарга Абдель-Санд Ямама 2 хүрэхгүй хувийн санал авчээ.
Сонгууль болохоос хэдэн сарын өмнө эль-Сисси тус улсын эдийн
засагт тохиосон хүндрэлийг шийдвэрлэнэ гэдгээ амлаж байлаа.
Хойд Африкийн тус улс эдийн засгийн хямралд нэрвэгдэж, сарын
инфляц 30 хувиас даваад байна. Сүүлийн 22 сарын
хугацаанд Египетийн фунт стерлингийн
ам. доллартай харьцуулах
ханш 50 хувиар суларч, тус
улсын 105 сая хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байгаа тухай албан ёсны статистик мэдээлэлд дурджээ.