Хонконгийн хэвлэлийн магнатыг суллахыг Д.Кэмерон уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-12-18 11:31:53

ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /TASS/. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн хэргээр ял шийтгүүлж магадгүй байгаа сөрөг хүчний хэвлэлийн магнат Жимми Лай болон бусад хүмүүсийг суллахыг Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Кэмерон Хятадын эрх баригчдад хандан уриалжээ.


Жимми Лай нь Их Британийн иргэншилтэй бөгөөд түүнийг шүүх хурал эхлэхийн өмнө Их Британийн Гадаад хэргийн сайд дээрх мэдэгдлийг хийлээ.


"Үндэсний аюулгүй байдлын тухай хууль нь Хонконгийн асуудлаарх Хятад-Их Британийн хамтарсан тунхаглалыг илт зөрчиж байна. Уг хуулийг хэрэгжүүлсээр байгаа нь Хятад улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж байгааг харуулж байна. Энэ хуулиар Хонконгт эрх чөлөөг ихээхэн хязгаарлаж, сөрөг хүчний дуу хоолойг хаасан" гэж Д.Камероны мэдэгдэлд дурджээ.  “Миний бие Хятадын эрх баригчдад хандан үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хүчингүй болгож, уг хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдсан бүх хүнийг яллах ажиллагааг зогсоохыг уриалж байна. Мөн Хонконгийн эрх баригчдад хандан Жимми Лайг суллахыг уриалж байна" гэж 2010-2016 онд Их Британийн Засгийн газрыг тэргүүлж байсан Д.Кэмерон мэдэгджээ. 


Өдгөө 76 настай Жимми Лай (Ли Жиин) 2019 оны зун Хонконгийн засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглааныг зохион байгуулагчдын нэг ажээ. Түүнийг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүсийн үндэсний аюулгүй байдалд заналхийлж, гадны хүчинтэй хуйвалдсан хэрэгт буруутгаж байгаа юм. Мөрдөн байцаагчдын мэдэгдсэнээр, тэрбээр эсэргүүцлийн хөдөлгөөнийхөнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, АНУ-ын улс төрийн элитүүдтэй харилцаа тогтоож, Хонконг, Хятадад хориг арга хэмжээ авахыг уриалж байв. 


Дээрх хэргээр түүнд бүх насаар нь хорих ял оноож магадгүй байна. Өмнө нь түүнд өөрийн эзэмшдэг сөрөг хүчний сонины төв байрыг түрээслэх гэрээг зөрчсөн, залилан хийсэн хэргээр таван жил есөн сар хорих ял оноожээ.


Хятад-Британийн Хамтарсан тунхаглалд 1984 онд гарын үсэг зурсан ба энэ бол Их Британийн эзэмшилд байсан Хонконгийг Хятадад шилжүүлэх журмыг тодорхойлсон баримт бичиг юм. Тунхаглалд заасны дагуу Хятадын засгийн газар 1997 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Хонконгийн гадаад бодлого, нутаг дэвсгэрийг хамгаалах асуудлыг хариуцах болжээ. Харин Хонконг засаг захиргаа, хууль тогтоох байгууллагатай, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг өөрийгөө удирдах өргөн эрхтэй байхаар тусгасан байна. 


Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийг Хятадын парламент 2020 оны зун баталсан юм. Уг хууль нь терроризм, салан тусгаарлах, төрийн эрх мэдлийг сулруулах, гадны хүчнүүдтэй хуйвалдах зэрэг аюул заналтай тэмцэхэд чиглэсэн гэж Бээжин мэдэгджээ. Хууль батлагдсаны дараа Хонконгийн сөрөг хүчний олон идэвхтэн гадаад руу дүрвэн гарч, зарим нь эрүүгийн хэрэгт холбогдсон байна. Энэ хууль нь Хятад-Британийн хамтарсан тунхаглалын заалтыг зөрчиж байна гэж Лондон удаа дараа мэдэгдсээр байгаа боловч Бээжин үүнийг няцаасаар байгаа юм.





相关新闻